Ардчилсан намын өчигдөр болсон Үндэсний бодлогын хорооны ээлжит бус VII хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хэлэлцэж, оролцох шийдвэрээ баталгаажуулжээ.
Сонгуулийн тухай хуулийн дагуу нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ дөрөвдүгээр сарын 30-ны дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлнэ. Мөн нэр дэвшигч нь сонгуульд 2016 оны мөрийн хөтөлбөрийн дагуу оролцох тухай СЕХ-ноос мэдэгдээд байна.
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургаадугаар сарын 30-ны өдөр болох бөгөөд "Энэ удаагийн сонгууль улс төрийн намуудын рейтингийг тодорхойлох чухал сонгууль болно" хэмээн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хурлыг нээж, хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн хурлын үеэр “Үзэл баримтлал”-ын танилцуулга хийх ажлын хэсэг мэдээлэл хийж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын гишүүдэд үзэл баримтлалаа таниулан, сурталчлах сарын аян эхлэх гэж байгааг дуулгав. Ирэх сарын 11-нд Үзэл баримтлалаа орон даяар таниулан, сурталчлах үндэсний аян эхэлнэ гэж АН-аас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!