Өчигдөр буюу Ням гарагт Шри Ланка улс даяар загалмайн шашинтнууд болон гадаадын жуулчдыг чиглэсэн цуврал дэлбэрэлтүүд болсны улмаас 200 гаруй хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархджээ.
Дэлхий даяар загалмайн шашинтнууд Улаан өндөгний баяраа тэмдэглэж байх үед энэхүү зохион байгуулалттай халдлагыг үйлдсэн байна.
Нийт зургаан дэлбэрэлт болсны гурав нь загалмайн шашны сүм хийдүүдэд, гурав нь нийслэл Коломбо хотын томоохон зочид буудлуудад болжээ.
Өмнөд Азийн Шри Ланка улсад 10 жилийн өмнө иргэний дайн дууссанаас хойш ийм том хэмжээний аллага болж байгаагүй юм.
Халдлагын дараа тус улсад хөл хорих цаг тогтоож, арми, цагдаагийн алба хаагчид онц байдалд шилжжээ. Facebook, WhatsApp сошиал сүлжээнүүдийг хаагаад байна. Эрх баригчид хэд хэдэн хүнийг баривчилжээ. Гэхдээ уг халдлагын цаана хэн байгаа нь тодорхой болоогүй байна.
Шри Ланка улсад иргэдийн 70 хувь шүтдэг Буддын шашныг албан ёсны шашин болохыг үндсэн хуульд нь заасан байдаг. Харин 13 хувь нь шүтдэг Ислам, 7 хувь нь шүтдэг Загалмайн шашнуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй.
Шри Ланкад шашны цөөнхийн эсрэг хүчирхийллийг Буддын экстремистүүд зохион байгуулах явдал түгээмэл гардаг юм. Тухайлбал Боду Бала Сена (BBS) гэгддэг Буддистуудын бүлэглэл үүнд гол үүрэгтэй оролцдог байна.
2018 онд хэсэг Буддистүүд муслим хүн амын эзэмшил дэлгүүр, сууц, сүмүүд рүү довтолж, галдан шатаасны дараа орон даяар онц байдал тогтоож байв.
Сүүлийн үед Загалмайтнуудын эсрэг халдлага эрчимтэй нэмэгдсэн байна. Тухайлбал 2018 онд гарсан халдлагуудын 70 хувь нь загалмайн шашинтнуудыг чиглэж байжээ.
Эх сурвалж: Quartz
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!