Д.Зандармаа: Орон нутгаас хүнсний ногоо авахад хадгалалт, тээвэрлэлтийн хүндрэл их байдаг

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын хэмжээнд хүнсний нарийн ногоо дутмагаас импортоор оруулж ирдэг байна. Хэрэв агуулах барьчихвал эх орондоо тариалсан ногоог иргэддээ шинээр нь хүргэх боломжтой гэж үзжээ.

Энэ тухай Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газрын төмс, хүнсний ногооны хангамж хариуцсан мэргэжилтэн Д.Зандармаа "Нийслэлд нарийн ногооны хангамж дутмаг, ихэнхийг нь импортоор нийлүүлдэг.

Орон нутгаас хүнсний ногоог авахад хадгалалт, тээвэрлэлтийн хүндрэл их байдаг. Тиймээс нийслэл хотод хүнсний ногооны агуулах барих, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай.

Агуулах барьчихвал орон нутгаас хүнсний ногоог авч хадгалан иргэдэд шинээр нь хүргэх боломжтой" хэмээв.

Нийслэлчүүдийн хэрэглэж буй хүнсний ногооны 43 хувь, жимс жимсгэнийн 97 хувь нь импортын бүтээгдэхүүн байна.

Сануулахад Улаанбаатар хотын хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах тогтолцоог бүрдүүлэхээр Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Агро-сити" эдийн засгийн тусгай бүсийг байгуулжээ.

Харин Агро-сити эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын албаны зардлыг нийслэлийн төсвөөс бүрдүүлдэг байна. Энэ оны төсөвт тус албаны урсгал зардлын дээд хэмжээг ₮2.6 тэрбумаар тогтоосон бол "Агро-Сити" туршилтын дөрвөн улирлын ухаалаг шилэн хүлэмжийг 2026-2027 онд нийт ₮4 тэрбумаар барихаар баталжээ.

Мөн Агро сити дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2025-2026 онд буюу нэг жилийн хугацаанд боловсруулахад нийслэлийн төсвөөс ₮2.3 тэрбумыг зарцуулахаар төсөвлөсөн байна.

Нийслэлийн төсөв нь татварын болон татварын бус орлогоор бүрддэг бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн орлогын албан татварын 40 хувь, нийслэлийн нутаг дэвсгэрт үзүүлсэн зарим үйлчилгээ болон худалдан авсан бараанд ногдуулдаг татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, газрын төлбөр, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ төвлөрдөг байна.

Харин татварын бус орлого нь орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх, худалдах орлого, төсөвт байгууллагуудын өөрийн орлого, үйл ажиллагааны хураамж, торгууль болон бусад орлогоос бүрддэг аж.