ШИНЖЭЭЧ: Нэг өмчлөгчтэй 13 аж ахуйн нэгж ₮18 тэрбумын улаанбуудайн урамшуулал авсан байна

Н.Эрхбаяр, iKon.mn
16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.  

Энэ үеэр сүү, мах, ноос, ноолуур, хүнсний ногоо, арьс шир, улаан буудайн чиглэлээр зарцуулсан урамшууллын хэмжээ, үр дүнгийн хэрэгжилтэд хийсэн шинжээчийн дүгнэлтийн танилцууллаа. 

ШИНЖЭЭЧ: Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль журамд урамшууллыг тодорхойлсон зүйл заалт байхгүй. Салбарт тулгамдаж буй асуудал, хүндрэлийг иргэн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн гүйцэтгэлд суурилан мөнгөн урамшуулал олгох замаар шийдэж байна. 

1. Түүхий сүүний урамшууллыг Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор хуурай сүүний импортыг бууруулах, хүн амын сүүний хэрэгцээг тогтвортой, хүртээмжтэй байлгах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. 2020-2025 оны хооронд 63.4 сая литр сүү нийлүүлэгдсэн бөгөөд үүнд 47.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон. 

Сүүний урамшуулал олгосноос хойш хуурай сүүний импортын өсөлтийн хурдыг сааруулсан боловч хэмжээг бууруулаагүй. Ирүүлсэн материалын хувьд 63.4 сая литр сүүг харьцуулах тоон мэдээлэл нь холбогдох журам тогтоолд үр дүн буюу шалгуур үзүүлэлт байхгүй учраас дүгнэх боломжгүй. Мөн тус урамшууллыг зохион байгуулах чиг үүрэг механизм, хариуцлагын талаар тогтоол шийдвэр ирүүлээгүй. 

зураг
 

2. Хүнсний ногооны урамшууллыг сайдын 2022 оны тушаалаар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. 2022-2025 оны хугацаанд 39.3 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд нийт 4,320 аж ахуйн нэгж хамрагдаж 392.4 мянган тонн хүнсний ногоо нийлүүлэгджээ. Гэвч үр дүн буюу шалгуур үзүүлэлт байхгүй. 

2025 онд Сангийн яамнаас тус урамшууллын зарцуулалтад шалгалт оруулахад 2024 онд тариалсан манжингийн хэмжээ өмнөх оноос хоёр дахин өссөн ч зах зээлд борлуулагдаж буй үнэ 40 хувиар өссөн. Тиймээс бодит ургац хураалтын мэдээ биш байна гэж үзээд тодорхой нэг аймгийн 75 сая төгрөгөөс дээш урамшуулал авсан 39 иргэн аж ахуйн нэгжийг шалгасан. Үүнээс нь 22 аж ахуйн нэгж зөрчилтэй гарсан бөгөөд хураасан ургацын дүнгээс илүү шар манжин борлуулж 1.3 тэрбум төгрөгийг илүү авсан байна гэж шалгасан. 

зураг
 

3. Улаанбуудайн урамшууллыг Засгийн газрын 2007 оны 227 дугаар тогтоолоор буудайн урамшууллыг дэмжих, дотоодын гурилын хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн эхэлсэн. 2008-2025 оны хугацаанд 279.9 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 11,829 иргэн аж ахуйн нэгжид олгосон. 

2008-2025 онд тариалсан талбай болон хураасан ургацын хэмжээ өссөн. Гэвч Үндэсний статистикийн хорооны мэдээллээс аваад үзэхэд нэг га талбайгаас хураан авсан ургацын хэмжээ буурсан байна. 

Нийт урамшууллын 35.8 хувь буюу 100 тэрбум төгрөгийг нийт тариаланчдын 1.2 хувь буюу 54 аж ахуйн нэгж авсан. Мөн нээлттэй мэдээллийн эх сурвалжийг авч үзэхэд нэг өмчлөгчтэй 13 аж ахуйн нэгж 18 тэрбум төгрөгийн урамшуулал авсан байна. 30 аж ахуйн нэгж хуурамч бичгээр 562.2 сая төгрөгийн урамшуулал авсан байна. 

зураг
 

4. Арьс, ширний урамшууллыг УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолоор хэрэгжүүлсэн эхэлсэн бөгөөд арьс, ширийг дотоодод гүн боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор хэрэгжүүлсэн эхэлсэн. Нийт 61.7 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд 10.6 сая ширхэг арьс шир хамрагдсан байна.

Ирүүлсэн материалын хүрээнд 2016 болон 2021 оны урамшууллын мэдээ ирээгүй. Сангийн яамнаас мэдээлэл авахад арьс, ширний урамшуулалд 2013-2024 онд 217.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байсан. Мөн адил холбогдох журамд үр дүн буюу шалгуур үзүүлэлт байхгүй. 

зураг
 

5. Хонь, тэмээний ноосны урамшууллыг Засгийн газрын 2019 оны 343 дугаар тогтоолоор ноосыг дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. 2020-2024 онд тус урамшуулалд 20.7 тэрбум төгрөгийг 73,148 малчин хамрагдсан. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад угаасан 2021 онд 3,600 тонн байсан бол 2025 онд 0.4 мянган тонн болж буурсан. 

зураг
 

6. Махны урамшууллыг 2007-2026 оны хооронд махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх, үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авах зорилгоор УИХ, Засгийн газрын зургаагаас дээш тогтоол баталсан. Хүнсний барааны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрөөр 2013-2015 онд 198 тэрбум төгрөг, нөөцийн мах бэлтгэлийн үнийн зөрүүд 2018-2025 онд 15.7 тэрбум төгрөг олгосон. 2008-2026 оны хооронд үхрийн мах 10 дахин өссөн байна. 

зураг
 

7. Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сард 1 кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон. Гэвч энэ нь нийт малчдын ноолуурыг хамарч чадаагүй тул малчид тухайн үед 51 мянган төгрөгөөр ноолуураа борлуулсан. 

Засгийн газраас 2020 оны тавдугаар сард 1 кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг 203 мянган малчинд 174.9 тэрбум төгрөгийг тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 23-ны хооронд малчдын дансанд шилжүүлсэн. Тухайн урамшууллыг үр дүнтэй хэрэгжсэн эсэхийг дүгнэх боломжгүй байна. 

зураг
 

Дээрх долоон төрлийн урамшуулалд нийт 630 тэрбум төгрөгийг олгосон байсан. Гэвч 2026 оны есдүгээр сарын 23-ны өдрийн ажлын хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урамшууллын талаар мэдээлэл танилцуулахад 2008-2025 оны хугацаанд 979.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон гэсэн байсан. Үүнээс 349.9 тэрбум төгрөгийн зөрүүтэй мэдээлэл өгсөн байна. 

Төрийн урамшуулал нь асуудлыг шийдвэрлэгдсэн эсэхээр бус олгосон дээр төвлөрч хэрэгжүүлсэн. Урамшууллын шалгуур үзүүлэлтийг боловсруулж ил тод мэдээлээгүй. Урамшууллын талаар холбогдох журам, тогтоолд үр дүн буюу хэмжих шалгуур үзүүлэлт, чиг үүрэг, хариуцлага байхгүй. Тиймээс урамшууллыг үр дүнтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна. 

зураг
 

ВИДЕО: