Оросын армийн бие бүрэлдэхүүнийг 15,500 цэргээр нэмэгдүүлэх зарлигт Путин гарын үсэг зурлаа

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оросын армийн бие бүрэлдэхүүний тоог 15,500-аар нэмэгдүүлэх тухай зарлигт өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.

Тэрбээр энэ онд дөрөв дэх ийм зарлиг гарын үсэг зурж байна.

Украиныг эзлэн түрэмгийлэх дайн дөрвөн жил хагас гаруй хугацаанд үргэлжилж, талуудын аль аль нь хүн хүчний ихээхэн хохирол амсаж буй цаг үед Путин ийм шийдвэр гаргажээ.

Зарлигт цэргийн тоог нэмэгдүүлж байгаа шалтгааныг дурдаагүй байна.

“Оросын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний зөвшөөрөгдсөн тоог 2,441,630, үүнээс цэргийн алба хаагчдын тоог 1,550,500 байхаар тогтоосугай” гэж зарлигт өгүүлжээ.

Путин өмнө нь гурав, зургаа, долдугаар саруудад бие бүрэлдэхүүний тоог нэмэх зарлигт гарын үсэг зурж байв.

Гуравдугаар сараас хойш гарсан зарлигуудаар нийтдээ 47,860 цэрэг нэмж байна.

Энэ жил фронтын шугамд нисгэгчгүй онгоц өргөн ашиглах болсноор цэргийн анги нэгтгэлүүдийг хурдан бөгөөд олноор шилжүүлэн байрлуулах боломжгүй болсон тул Оросын армийн давшилт удаашраад байгаа.

Украины тал Орос улс цэргийн дайчилгаа явуулахаар төлөвлөж байгааг удаа дараа анхааруулж байсан ч Путин үүнийг Украины зүгээс тарааж буй “хуурамч мэдээлэл” хэмээн няцаасаар ирсэн.

Путин хамгийн сүүлд 2022 онд дайны талбарт хэд хэдэн бүтэлгүйтэл тохиолдсоны дараа цэргийн нөөц хүчээ дайчлах шийдвэр гаргаж байсан юм.

Үүнээс гадна Даваа гарагт Оросын баруун бүсийн Ярославль мужийн салютын үйлдвэрт гал гарсны улмаас доод тал нь 14 хүн амиа алдсаныг тус улсын төв хэвлэлүүд мэдээлжээ.

Түймэр гарсан Кубринск тосгон цахилгаан эрчим хүчний сүлжээнээс таслагдсаныг ТАСС агентлаг мэдээлсэн юм. Гал түймрийг унтраахад онцгой байдлын албаны 100 гаруй ажилтан оролцжээ.

Уг түймэр юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Мөрдөгчид ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм зөрчигдсөн байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

 

Эх сурвалж: AFP