Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ган-Эрдэнэ: Монгол хэл бичгийн хоёр дахь шалгалтад орох шалгуулагчид дахин бүртгүүлнэ

ikon.mn
2019 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтыг гуравдугаар сарын 23-нд улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулж, шалгалтын дүн гарсантай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс тодрууллаа.

- Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтад хэчнээн шалгуулагч хамрагдсан бэ. Үр дүн ямар гарсан бэ?

- Энэ жил гуравдугаар сарын 23-ны шалгалтад 18,500 шалгуулагч бүртгүүлсэн. Үүнээс 16,100 гаруй шалгуулагч шалгалтад оролцож нийт 87 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа. Шалгалтад орсон нийт шалгуулагчдын 84 хувь нь босго оноогоо /400 оноо/ давсан. 2,729 шалгуулагч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй. Үүнд өмнөх оны хүүхдүүд ч бас орсон.

- Тэгвэл энэ удаагийн шалгалтад орж чадаагүй хүүхдүүд яах вэ?

- 23-ны шалгалтад хүндэтгэх шалтгаанаар орж чадаагүй болон босго оноогоо давж чадаагүй шалгуулагчид дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болох Монгол хэл бичгийн хоёр дахь удаагийн шалгалтад оролцох боломжтой. Ингэхдээ дөрөвдүгээр сарын 1-15-ны хооронд үргэлжлэх бүртгэлд заавал бүртгүүлсэн байх шаардлагатай. Тодруулбал, Монгол хэл бичгийн эхний шалгалтад босго оноонд хүрээгүй энэ жилийн 12 дугаар анги төгсөгчид нэвтрэх нэр авч бүртгүүлнэ. Мөн өмнөх жилийн төгсөлтөөс босго оноондоо хүрээгүй шалгуулагчид  http://www.eec.mn хуудсаар нэвтэрч дахин бүртгүүлнэ. Урьдчилсан байдлаар 5,000 гаруй хүн хоёр дахь шалгалтад оролцох болов уу гэсэн тооцоо байна. Хэрвээ дахин шалгалтаар босго оноонд хүрэхгүй бол Их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй. Гэхдээ ЭЕШ өгөх эрх нь бол нээлттэй.

- Энэ жилийн шалгалтын онцлог юу байв?

- Энэ удаа босго оноотой болсноор шалгуулагч шалгалтын материалтай ажиллаж буй байдал нь харьцангуй сайжирсан. Өнгөрсөн жил орсон л бол болдог байсан тул шалгалтын үеэр унтах, хийхгүй байх тохиолдол гардаг байсан.

- Шалгуулагчдын нийтлэг алдаа нь юу байсан бэ?

- Ерөнхийдөө шалгуулагчдын бэлтгэл сайн байсан. Гэхдээ нийтлэг алдаа нь Монгол бичгийн даалгавар дээрээ тааруу ажилласан. Мөн шалгалтандаа бүртгүүлсэн мөртлөө ороогүй тохиолдол гарсан. Хэдийгээр энэ шалгалт үнэ төлбөргүй  ч гэсэн хариуцлагатай хандах тал дээр дараа жил анхаарах хэрэгтэй санагдсан.