Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Алтантуяа шумбагч онгоц худалдан авахтай холбоотой хийсэн орчуулгын хөлсөө авахыг хүсэж байсныг үеэл нь хэлэв

ikon.mn
2019 оны 2 сарын 1
iKon.MN

Малайзын Холбооны Улсад 2006 онд онц хэрцгийгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурлын мэдээллийг  Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн түнш, Малайзын “Малайзиакини” цувралаар нийтэлж байгаа билээ.

Өчигдрийн шүүх хурлын мэдээллийг албан ёсны зөвшөөрөлтэй нь хөрвүүлэн хүргэж байгааг хүлээн авна уу.

 

 


Алтантуяа Малайзын засгийн газрын шумбагч онгоц худалдан авахтай холбоотой хийсэн орчуулгын хөлсөө  Абдул Разак Багиндагаас авахыг хүсэж байсныг түүний үеэл Шах Аламын Дээд шүүхэд хэлэв.

Монгол хохирогчийн гэр бүлийнхэн Разак Багинда, Малайзын засгийн газар, мөн аллагад буруутай хэмээн яллагдсан хоёр этгээдийн эсрэг иргэний хэргийн шүүхэд 100 сая малайз ринггитийн нэхэмжлэл гаргасан билээ. Энэ хэргийн гурав дахь гэрч нь Г.Намираа юм.

2006 оны аравдугаар сард Алтантуяа Куала Лумпур луу сүүлчийн удаа явахад Намираа болон тэдний найз Г.Үүрийнтуяа хамт байсан аж.

Куала Лумпурт ирснийхээ дараа Алтантуяа Разак Багиндатай яг л эхнэр нөхөр мэт дотно харилцаатай болсон тухайгаа, мөн Багинда хүүхэдтэй болохыг хүсэж байгаа талаар Намираад ярьжээ. Түүнчлэн, Малайзын засгийн газар оросуудаас шумбагч онгоц худалдан авах тухай яриа хэлэлцээр Франц улсад болсон, Багиндагийн хүсэлтээр Алтантуяа энэхүү хэлэлцээрт Англи-Орос хэлний орчуулагчаар ажилласан тухайгаа ч хэлсэн хэмээн Намираа шүүхэд мэдүүлэв. 

Шүүхийн явцад Разак Багиндагийн өмгөөлөгч Манжийт Сингх Диллон “Намираагийн мэдүүлэгт хэтрүүлэг байна. Ялангуяа Малайзын засгийн газрын шумбагч онгоц худалдан авах хэлэлцээрийн тал дээр!” хэмээн мэдэгдсэн. Алтантуяагийн аллагын талаарх 2007 оны эрүүгийн гэмт хэргийг шүүх хуралд Намираа, Үүрийнтуяа хоёул гэрчээр оролцсон. Тухайн үед “Алтантуяа зөвхөн Багиндатай л уулзах гэж Малайзад ирсэн” гэсэн Үүрийнтуяагийн мэдүүлгийг Манжийт өмгөөлөгч нотлох баримт болгон Намираагийн хэлснийг үгүйсгэх гэв.

Шүүх хуралд Малайзын засгийн газрыг төлөөлөн оролцож буй ахлах консул Норинна Бахадун ч мөн “Намираа эрүүгийн хэргийн шүүх хурлын үеэр огт дурдагдаагүй, Алтантуяагийн үхлийн талаарх хэвлэл мэдээллээр дэгдсэн зүйлийг шинэ нотлох баримтаар гаргаж ирж байна” гэсэн юм.

Харин өмгөөлөгч Рамкарпал Сингхийн асуултад хариулахдаа Намираа өмнөх шүүх хурлын үеэр шумбагч онгоцны талаар мэдүүлэг өгөөгүйгээ хүлээн зөвшөөрөөд, “Тухайн үед ихээхэн айж цочирдсон байсан, энэ талаар мэдүүлэх боломж олдоогүй” хэмээн тайлбарлалаа.

2006 оны аравдугаар сард Алтантуяа, Намираа, Үүрийнтуяа гурав Куала Лумпурын “Малай” зочид буудлын наймдугаар давхарт байрлаж байж.

Алтантуяа хэд хэдэн удаагийн орчуулгын ажлын хөлсөө нэхэхээр Багиндатай уулзах гэсэн боловч тэдгээр оролдлого нь бүтэлгүйтсээр байжээ.

Гэтэл Багиндагийн хөлсний хүмүүс болох Бала, Сураж Кумар хоёр тэдний буусан буудалд ирж, Алтантуяа болон тэднийг айлган сүрдүүлж дарамталдаг байсан аж. Бала нь намхан, арай ахимаг настай, харин Сураж өндөр, туранхай хүн байсныг Намираа мэдүүлгийнхээ үеэр дүрслэв. Тэр хоёр Алтантуяаг мөрдөж мөшгидөг. Намираа тэр хэд буудалдаа ирэх үед мөнөөх хоёр хүлээгээд л байж байдаг.  Гадагш хоолонд гарахад нь мөн л дагаад, мөрдөж байж.

Шүүх хурал дээр Намираа (доорх зурагт байгаа) “Бид тухайн үед маш их айж байсан” гээд, Алтантуяа түүнд энэ хоёр Багиндагийн хүмүүс гэж сэрэмжлүүлж байсныг мэдүүлэв.

 

“Нэг удаа өнөөх хоёр өрөөний үүд тогшин, хаалгаа бага зэрэг онгойлготол хүчээр орж ирээд, орон дээр нь хэвтэж, тамхи татаж, шалан дээр шүлсээ хаяж байсан. Алтантуяа тэдэнтэй англиар ярьж байснаа гэнэт зогтусан над руу хараад монголоор “Өндөр нь намайг найман давхраас унаж үхмээр байна уу гэж асууж байна” гэсэн” хэмээн гэрчийн мэдүүлгээсээ уншив.

Энэхүү түгшүүртэй явдлын дараа нөгөө хоёроос дахин сүрдүүлэхгүй гэсэн ам өчгийг нь авч байж маргааш нь дахиад уулзжээ. Тэр үдэш Сураж ганцаараа өрөөнд нь ирсэн байна. Алтантуяа түүнтэй англиар ярьж, юу ярьсан талаараа монголоор орчуулж байсан аж. Бид гурвын амьдрал аюулд байгааг тэр эрэгтэй хэлээд, “Тиймээс нэг бол Монгол руугаа буц, үгүй бол булшиндаа ор” гэсэн.

Энэхүү заналхийллийг үл харгалзан Алтантуяа Разак Багиндатай (доорх зурагт байгаа) сүүлчийн удаа уулзах шаардлагатай байгаагаа хэлсэн ч Сураж “Боломжгүй” гээд явжээ.

 

Намираагийн мэдүүлгээр “Тэр өдрийн үдэш 9 цагийн орчимд Алтантуяа Багиндатай түүний далайн эргийн байранд уулзахаар зочид буудлаас гарч явсан. Энэ нь түүнийг амьдаар нь харсан сүүлчийн тохиолдол” гэжээ.

Шүүхийн сонсгол өнөөдөр үргэлжилнэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.