Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

ШУУРХАЙ МЭДЭЭ: Б.Батзоригийг сайдын албан тушаалаас нь огцруулах улстөрийн шийдвэр гарлаа

Ч.Болортуяа
2018 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалын хариуцлага алдсан буюу өөрийн яамны хариуцдаг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг алдагдуулсан үндэслэлээр сайдын тушаалаас огцруулах улстөрийн шийдвэрийг дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас гаргажээ. 

Энэхүү саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралд оруулж цаашид ЖДҮХС-г ил тод нээлттэй, шилэн болгох, энэ сангаас зээл авсан улстөрийн албан тушаалтнуудыг бүгдийг нь зарлах  улмаар хуулийн хариуцлага хүлээлгэх чиглэл өгчээ. 

Б.Батзоригт хариуцлага тооцох эцсийн шийдвэрийг УИХ гаргана. 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, бүлгийн гишүүдийн олонхи нь давуу байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан нэр бүхий гишүүдтэй хариуцлага тооцон уучлал гуйх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Д.Хаянхярваа: Ерөнхий сайд "Та нар зээлээ нэн яаралтай төл" гэсэн үүрэг өгсөн

-Б.Батзориг сайдаас гадна Я.Содбаатар сайдын хамаарал бүхий компани зээл авсан нь тодорхой болсон. Я.Содбаатар сайдад хариуцлага тооцох уу?

-Б.Батзориг сайдаас өөр хүн дээр намын дарга, Ерөнхий сайдын зүгээс санал оруулаагүй. Мэдээж хэрэг зээл авсан хүмүүс эргэж төлөөд, авсан зээлээ зориулалтынх нь дагуу ашигласан уу үгүй юу гэдэг дээр 7, 8 гишүүний асуудал хууль хяналтын байгууллагад шилжиж байгаа гэж ярьсан. Хууль хяналтын байгууллага дээр шалгагдаад гараад ирсний дараа ёс зүйн хариуцлага тооцох асуудал яригдана. Бүлэг дээр бол хариуцлага тооцох ёстой хэмээн гишүүдийн санал нэгдсэн.

-Одоогоор долоон гишүүн зээл авсан нь олон нийтэд ил болоод байна. Гэсэн ч өөр олон гишүүд байгаа байх гэсэн хардлагатай байгаа. Өөр гишүүдийн асуудал яригдсан уу?

-Намын бүлгийн хурал дээр тэр тэр зээл авсан гэж оноож яриагүй. Хэвлэлээр ил болсон долоо билүү найман гишүүнийг л зээл авсан гэж бүлгийнхэн мэдэж байгаа. Бид та бүхэнтэй адилхан л мэдээлэлтэй байна.

-Сангийн яамнаас сарын өмнө ЖДҮХС-нд шалгалт хийсэн гэж байсан. Шалгалтын дүн гараад ирэхээд бас хариуцлагын асуудал яригдах уу?

-Шалгалтын дүн гармагц хариуцлага тооцох шаардлага гарч магадгүй.

-Барилга хот байгуулалтын дэд сайд болон Ерөнхий аудитор нар бас зээл авсан нь тодорхой боллоо гээд байгаа. Тэдэнд хариуцлага тооцох уу?

-Ж.Мөнхбат гишүүн Ерөнхий аудиторт хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууриа УИХ-ын даргад илэрхийлсэн. ҮАГ УИХ-ын харьяа байгууллага учраас хариуцлага тооцох асуудлыг их хурал шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Хариуцлагын асуудал яригдана.

-Зээл авсан гишүүд "Зээлээ төлье" гэсэн юм уу. Гишүүд иймэрхүү зээл авчихаад энэ асуудал нь тодорхой болохоор эргээд төлчихье гэсэн байр суурь илэрхийлдэг нь хэвийн үзэгдэл үү?

-ЖДҮХС-аас гишүүдийн хамаарал бүхий компани зээл авсан нь үнэхээр ёс зүйгүй асуудал. Тийм учраас зүгээр эргээд төлчихөе гэж хандаагүй. Ерөнхий сайдын зүгээс "Та нар зээлээ нэн яаралтай төл" гэсэн үүрэг өгсөн.

Гишүүдийн хамаарал бүхий компани зориулалтын бусаар зээл авсан бол нэгдүгээрт ёс зүй, хоёрдугаарт хууль зөрчиж байгаа асуудал гэж үзэхээс өөр арга байхгүй.

-Б.Батзориг сайдын зүгээс өөрийн хамаарал бүхий компани нь биш гэж тайлбар өгөөд байгаа. Бүлэг дээрээ ямар тайлбар өгч байгаа вэ. Б.Батзориг сайд үнэнээ хэлээд хэлмэгдээд байгаа юм биш биз дээ?

-Өөрийнх нь хамаарал бүхий компани зээл авсан нь тодорхой болсон. Өөрөө энэ зээлийн асуудлыг хариуцаад, сайдын эрх мэдлийн хүрээн дотор шийдвэр гаргаад явсан учраас хариуцлагаа хүлээх ёстой.

-Ерөнхийлөгч саналаа УИХ-ын даргад гардуулсан. Хэрвээ Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тогтоолын төслөө өргөн барьвал УИХ дахь МАН бүлэг дэмжихгүй юу?

-Сая Ерөнхийлөгчийн өгсөн бичгийн үндэслэл дээр гишүүд сэтгэл дундуур байгаа. Гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн тавьж буй хоёр үндэслэл УИХ-ыг тараах үндэслэл болохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ыг тараах тухай асуудал ингэж яригдаж байгаа нь улстөрийн тогтвортой байдлыг алдагдуулна. Энэ асуудал дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж зөвшилцөх ёстой гэдэг байр суурийг бараг бүх гишүүд санал нэгдэж байгаа.

-ЖДҮХС-аас зээл авах хүсэлтэй олон иргэд байдаг ч авч чаддаггүй. Гэтэл гишүүд тэрбумаар нь авсан нь ил боллоо. Цаашид энэ сангийн үйл ажиллагаа яаж явах вэ?

-ЖДҮХС-ын зээлийг банкаар дамжуулах талаар байр сууриа би УИХ дээр хэлж байсан. Зээлийн асуудлыг банк шийдэж, хүүгийн хөнгөлөлтийг Батлан даалтын сан шийддэг систем рүү орох ёстой.

-Нэг санд дээр ийм олон асуудал гарч ирлээ. Гэтэл Засгийн газрын харьяанд 22 сан байдаг. Сан бүр дээр асуудал байгаа гэж яригдах боллоо. Тэдгээр сангуудын асуудал бүлэг дээр яригдсан уу?

-Сангуудын асуудал бүлэг дээр яригдсан. Төсвийн байнгын хорооноос сангуудын үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулагдаж байгаа.