Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдааны дайны 2-р ээлж: Хятадын $16 тэрбумын бараанд АНУ татвар оноож эхлэх өдрийг зарлав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хятадын $16 тэрбумын дүнтэй бараанд наймдугаар сарын 23-наас эхлэн 25 хувийн импортын татвар оноох шийдвэр гаргаснаа АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтайзер өчигдөр мэдэгдлээ.

Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн гуравдугаар сараас ярьж эхэлсэн Хятадын эсрэг худалдааны дайны хоёр дахь бодитой арга хэмжээ юм.

Эхний арга хэмжээг долдугаар сарын эхээр $34 тэрбумын бараанд импортын татвар оноосноор хэрэгжүүлсэн байна.

Хоёрдугаар ээлжийн арга хэмжээнд хамрагдсан Хятадын 279 нэр төрлийн бүтээгдэхүүнд трактор, хуванцар хоолой, хэмжүүрийн багажнууд зэрэг аж үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжүүд багтжээ.

Саяхан Дональд Трамп $200 тэрбумын дүнтэй бараанд нь 25 хувийн татвар онооно гэж Хятадыг сүрдүүлж байсан бол Бээжин хариуд нь $60 тэрбумын Америк бараанд өндөр татвар оноох төлөвлөгөө зарласан юм.

Хятадын тал өчигдрийн арга хэмжээний хариуд мөн ижил $16 тэрбумын бараанд нь импортын татвар оноох нь тодорхой. Тэд эхний ээлжийн $34 тэрбумд мөн адил дүнтэй хариу барьж байсан юм.

АНУ-Хятадын худалдааны дайны түүхийг хугацааны дарааллаар үзүүлбэл:

  • Гуравдугаар сарын 1. Дональд Трамп импортын бүх ган, хөнгөнцагаан материалд татвар оноох болсноо зарлахад Хятад улс үүнд нь багтаж байв
  • Гуравдугаар сарын 22. Трамп Хятадын $50 тэрбумын бараанд 25 хувийн татвар оноох төлөвлөгөөг зарлав. Хятадын тал адил хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ.
  • Дөрөвдүгээр сарын 3. АНУ-ын худалдааны төлөөлөгч татвар оноох Хятадын бараа бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулжээ. Ингэснээр үүнд хамаатай салбаруудаас санал авах 60 хоногийн хугацаа эхэлсэн юм.
  • Дөрөвдүгээр сарын 4. Хятадын засгийн газар хариу татвар оноох АНУ-ын $50 тэрбумын дүнтэй 100 гаруй нэр төрлийн барааны жагсаалтыг гаргажээ.
  • Тавдугаар сарын 19. Талууд уулзсаны дараа худалдааны дайнаас зайлсхийх тохиролцоонд хүрснээ зарлав.
  • Тавдугаар сарын 29. Цагаан ордон татвар оноох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр болсноо зарласан нь хэлэлцээр үр дүнд хүрээгүйг харуулжээ.
  • Зургаадугаар сарын 15. Трамп татвар оноох барааны жагсаалтыг сүүлийн байдлаар зарлав. Тэр долдугаар сарын 6-нд $34 тэрбумын бараанд 25 хувийн импортын татвар оноож эхлэх ба үлдсэн $16 тэрбумд дараа нь нэмж оноохоо мэдэгджээ. Хятад улс ижил дүнтэй хариу арга хэмжээ авав.
  • Зургаадугаар сарын 18. Трамп дахин нэмж $200 тэрбумын бараанд 10 хувийн татвар онооно гэж Хятадыг сүрдүүлэв.
  • Долдугаар сарын 6. $34 тэрбумын бараанд татвар оноох эхний ээлжийн арга хэмжээ хэрэгжиж эхлэв. Хятадын хариу арга хэмжээ ч хэрэгжиж эхэлжээ.
  • Долдугаар сарын 10. АНУ-ын тал татвар оноох $200 тэрбумын барааны жагсаалтын эхний хувилбарыг танилцуулав.
  • Наймдугаар сарын 1. Вашингтон $200 тэрбумын барааны импортын татварыг 10 биш, 25 хувь болгож өсгөхөө зарлалаа.
  • Наймдугаар сарын 3. Хятадын засгийн газар хариуд нь $60 тэрбумын Америк бараанд 25 хувийн татвар оноох төлөвлөгөөгөө зарлав.
  • Наймдугаар сарын 7. Эхний ээлжийн $50 тэрбумаас үлдсэн $16 тэрбумын дүнтэй барааны импортын татварыг наймдугаар сарын 23-наас эхлэхээр болсныг зарлажээ.

 

Эх сурвалж: Business Insider