Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн Эрдэнэс Тавантолгойн хямд нүүрсний бизнесээс Хятадын тэрбумтан төржээ

Б.Ану
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани сайн чанарын коксжих нүүрсийг хэт хямд үнээр, түүхийгээр нь зардаг гэх шүүмжлэл байнга явдаг ч дорвитой арга хэмжээ авсан зүйлгүй өнөө хүрсэн билээ.

Нүүрсийг 27 ам.доллараар зарж байснаа бодвол үнээ бага зэрэг нэмсэн ч зүүн Цанхийн нүүрсийг дахин 10 орчим жил Чалкод маш бага үнээр нийлүүлэх гэрээ үргэлжилсээр байгаа.

Хамгийн гол нь энэхүү маш хямд үнээр зарж буй нүүрсийг Винсвэй холдинг гэх мэт Хятадын зууч компаниуд цааш дамлан зарж, их хэмжээний ашиг олдог. Винсвэй кокинг көүл компанийн ТУЗ-ийн дарга Ванг Сингчун саяхан Форбес сэтгүүлийн, долларын тэрбумтнуудын жагсаалтанд шинээр нэмэгдсэн нь энэхүү шахааны бизнесийн бүр ч том нотолгоо болж өглөө. 

Ванг Сингчун нь “Орлогын эх үүсвэр” гэх мэдээлэлдээ тэрээр “Нүүрсний бизнес” гэж тодорхой бичжээ. Тэрбээр Бельгийн иргэншилтэй Хятадын иргэн бөгөөд Форбесийн жагсаалтанд 1,140 дэх тэрбумтан болон бичигдсэн байна. 

Монголын нүүрсийг үнэ хүргэх сонирхолгүй, ил цагаан хямдаар зарж, Хятадын ченж компаниудад зарах нэрээр ашиг унагаж өдий хүрсэн төрийн шахаачдын бизнесийн “ул мөр” нэг иймэрхүү илэрч байна.

Ченжүүдтэй хувааж зардаг манай дарга нарын халаас ч чамгүй зузаарч байгаа гэхэд эргэлзэх зүйлгүй биз ээ. 

Тавантолгойд хувийн менежмент нэвтрүүлэх, нээлттэй ил тод тогтолцоо бий болгох талаар олон жил яригдаж байгаа ч заавал төрд байлгаж, шахаа хийх сонирхол их байдаг нь ийм учиртай бололтой.