Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн хэрэгслийг 10-р сарын 10-наас 4 уулзвараар баруун гар тийш ТОГТМОЛ эргэдэг болгоно

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ төлөвлөлөөг танилцуулах талаар НЗДТГ, Замын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.

Тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр тээврийн хэрэгслийг баруун гар тийш эргэхийг аравдугаар сарын 10-наас нийслэлийн зарим уулзварт хэрэгжүүлж эхлэхээр болжээ.

Тухайлбал,

  1. Баруун 4 замын уулзвар,
  2. Зүүн 4 замын уулзвар,
  3. Гэсэр сүмийн уулзвар,
  4. Саппорогийн уулзварт нэмэлт тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, мэдээллийн самбар байрлуулах юм байна.
 

"Энэ өөрчлөлтийг хийснээр уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол, түгжрэл буурах давуу талтай. Мөн эдийн засгийн хэмнэлт ч гарна. Маш олон хотод ийм өөрчлөлтүүд хийгдэж, үр дүнгээ өгч эхлээд байгаа.

Харин сул тал нь тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд явган зорчигч, унадаг дугуйтай зорчигч мөргүүлэх, уулзвараар зүүн гар тийш эргэх болон чигээрээ яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, осол гарах магадлалтай.

 

2015 онд импортоор 60 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн бол оны эхний есөн сарын байдлаар 40 мянга орж ирээд байна. Мөн жилд дунджаар 30-45 мянган нийслэлд шилжин ирж байгаа. Тээврийн хэрэгсэл, нийслэл хотод шилжин ирж буй иргэдийн тоо тасралтгүй нэмэгдсээр байгаа энэ үед хотод амьдарч буй иргэдийг бухимдуулж буй нэн тэргүүний асуудлуудын нэг нь замын хөдөлгөөний ачаалал.

Тиймээс НЗДТГ-аас ямар нэгэн хөрөнгө санхүүгийн асуудалгүйгээр эхний ээлжинд хийж буй зохион байгуулалтын ажлууд хийж байна. Үүний нэг нь тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр тээврийн хэрэгслийг баруун гар тийш эргүүлэх зохицуулалт юм " хэмээн Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэллээ.

Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 48 уулзвар баруун гар тийш тогтмол эргэх боломжтой аж. 

 
Тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатайг Замын Цагдаагийн Газраас зөвлөлөө.