Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

ЭРҮҮЛ МЭНДИЙН салбар САЙДТАЙ "болоход" ХОЁР ХОНОГ ҮЛДЛЭЭ

Ч.Болортуяа
2016 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

"Дуугүй" байсан төр засгийнхан хэвлэлийнхний шахалтаар өнгөрсөн долоо хоногт улаанбурхан өвчин Монгол Улсын хувьд гамшгийн хэмжээнд хүрч олон хүүхдийн амь насыг авч одож буйг ил болгосон билээ. 

2016 нэгдүгээр улирлын статистик мэдээллээр улаанбурхан өвчнөөр 15,540 хүн (2016 оны эхний гурван сард) өвчилж үүнээс 0-5 насны 59 хүүхэд эндсэн харамсалтай мэдээлэл олон нийтэд ил болсон.

Өнгөрсөн Баасан гарагт ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа эхний улиралд 59 хүүхэд нас барсан тухай мэдээлж байсан бол үүнээс хойш хэд хэдэн хүүхэд нэмж эндсэн тухай мэдээллийг ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн, сахиуруудад шаардлагатай эд зүйлсээр туслах, орчныг нь сайжруулах ажлыг санаачлан хийж байгаа иргэн Г.Ганбат олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн юм. 

Эндсэн хүүхдүүдийн талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад "Эмнэлэгт нас барсан хүнийг задлан шинжилгээгээр оруулж яг ямар шалтгаанаар нас барсныг нь тогтоодог учир эндсэн хүүхэд бүрийг зөвхөн улаанбурхан өвчнөөс боллоо гэж тоолох боломжгүй. Статистик дүн сарын сүүлээр л нэгтгэгдэж гардаг"  гэв. Тэгэхээр албан ёсны тоог бид мэдээлэх боломжгүй байна. 

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хийсэн хэвлэлийн хурлаараа тус эмнэлэгт ямар нэгэн дутагдаж гачигдаж байгаа зүйл байхгүй мэтээр мэдээлж байсан ч иргэн Г.Ганбатын сайн санааны аяны хүрээнд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүмүүст маш олон зүйл хүрэлцээ муутай байгаа нь тодорхой болсон. Тиймээс ч иргэдийн хүчээр шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эд зүйлсийн тусламжийн аян үргэлжилсээр байна. 

Төр засгийн зүгээс олон нийтэд мэдээлэл хийхээсээ өмнө яг юу хийж байсан бэ гэдэг сонирхол татам. Хэвлэл мэдээллийнхэн улаанбурханы тархалт их болсныг ил болгоогүй бол чухам яах байсан бэ гэдэг асуултын тэмдэг хэвээр үлдэж байна. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч тус давалгааны дунд шуурхай авч өөрийн биеэр ХӨСҮТ-д зочилж нөхцөл байдалтай танилцан хэд хэдэн арга хэмжээ аваад байгаа. Тухайлбал Мягмар гарагт  улаанбурхан өвчнөөр өвчилсөн өвчтнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эмийн зардалд зориулан 453.9 сая төгрөгийг ЭМ-ийн сайдын багц руу шилжүүлэхээр болсон.

Тэгвэл Ч.Сайханбилэг эзэнгүйдээд буй Эрүүл мэндийн салбарын сайдын нэрийг  ирэх долоо хоногт УИХ-д оруулж ирнэ гэж өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн чуулганд мэдээлж байсан.  Өнөөдөр Пүрэв гараг ч сайдын нэр тодроогүй байгаа бөгөөд Ерөнхий сайдын хэлсэн хугацаа дуусахад ажлын хоёр өдөр үлдээд байна. 

Өнөөдөр үү, Маргааш уу?