Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

453.9 сая төгрөгийг ЭМ-ийн сайдын багц руу шилжүүлэхээр боллоо

Г.Номин, iKon.mn
2016 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбурхан өвчнөөр өвчилсөн өвчтнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эмийн зардалд зориулан 453.9 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралд оруулж, хэлэлцүүлэхийг Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэд өчигдөр Засгийн газрын хуралдааны үеэр даалгасан.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурал болж, үр дүнгийн талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Улаанбурханы дэгдэлт их байгаатай холбоотойгоор холбогдох арга хэмжээг авч байна.

Хамгийн түрүүнд дархлаа дэмжих эм, тарианы хангалт хийх шаардлагатай.

Хамгийн түрүүнд дархлаа дэмжих эм, тарианы хангалт хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлсэн. Энэ төрлийн эм зах зээл дээр доод тал нь 160 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Үүнийг өвчтөний ар гэрийнхэн бүрэн дүүрэн хангах боломж муутай байна.

Тиймээс энэ төрлийн эмээр ХӨСҮТ болон орон нутгийн эмнэлгүүдийг яаралтай хангах чиглэл өгсөн. 

Манай яам болон Сангийн яаманд өгсөн үүргийн дагуу бид долоон нэр төрлийн дархлааг дэмжих үйлчилгээтэй эм бэлдмэл шаардлагатай гэж үзээд эхний ээлжинд 453.9 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангаас гаргахаар тогтлоо.

Энэ хөрөнгийг Эрүүл мэндийн сайдын багц руу одоо шууд шилжүүлнэ. Ингээд эм бэлдмэлийг худалдан авч эмнэлгүүдэд яаралтай шилжүүлнэ.

Долоон нэр төрлийн дархлааг дэмжих үйлчилгээтэй эм бэлдмэлийг хэрэглэснээр хавсарсан өвчний хүндрэл арилах боломжтой гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа" гэлээ.

Суурь өвчтэй хүүхдүүд хавсарсан байдлаар Улаанбурхан тусаж, хүндэрч байгаа учраас дархлааг дэмжих нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа. 

Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нийт хүүхдүүдийн 80 орчим хувь нь хөхний сүүгээр хооллоогүй байгааг эмч нарын хийсэн судалгаанаас харж болох бөгөөд хөхний сүүгээр дамжуулан авах байсан эрдэс бодисоо авч чадаагүй хүүхдүүдийн дархлаа сул байгаа ажээ.