Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН ҮЙЛС: ХӨСҮТ-д 24 ширхэг утлагын аппарат хандивлажээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Улаанбурхан өвчинтэй тэмцэж, хандив цуглуулан сайн үйлсийн аян өрнүүлж байгаа залуустай холбогдлоо.

Найз, нөхдийн хүрээнд сайн үйлсийн аян эхлүүлсэн залуус одоогийн байдлаар ХӨСҮТ-д хамгийн их хэрэгцээтэй байсан утлагын аппарат 24 ширхэгийг авч өгөөд байгаа ажээ. 

Суурь өвчтэй, хатгалгаа, ханиадтай хүүхдүүд хавсарсан байдлаар Улаанбурхан тусаж, хүндэрч байгаа учраас амьсгалын замыг нь нээх зорилгоор утлагын аппаратыг хэрэглэдэг юм байна.

Сайн үйлсийн аяныг санаачлагч залуусын нэг болох Ж.Эрхэмбаяр "Бид өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт ХӨСҮТ дээр очсон энэ үеэр утлагын аппарат дутагдалтай байгааг харсан. Сэхээн амьдруулах тасагт байгаа таван хүүхдэд нэг, тасагт байгаа 30 хүүхэд тутамд нэг аппарат ногдож байсан. Тиймээс эхний ээлжинд утлагын аппарат авч өгье гэж шийдсэн юм.

Мөн хавагнасан хүүхдийн судас олдохгүй хэцүү байгааг эмч, сувилагч нар хэлж байсан. Энэ талаар найз нөхөддөө дуулгаж байгаа.

Сайхан сэтгэлтэй хүмүүсээс хандив ирж байна. Гадаадад байгаа Монголчууд маань хандивын мөнгө болон тоног төхөөрөмжүүд илгээсээр байгаа. Швед, Солонгос, Америк, Африкт ажиллаж амьдарч буй иргэдээс хандив ирсэн.

Хавсарсан байдлаар Улаанбурхан туссан хүүхдүүдийн дарлааг дэмжих нь хамгийн үр дүнтэй гэж эмч нар хэлсэн. Тиймээс эхний ээлжинд найз нөхдийн хүрээнд цугласан мөнгөөрөө дархлааг дэмжих эм, тариа авч өгөөд байна. 

Хандив цуглуулах үеэр элдэв хардлага гарч магадгүй гэж бодоод "Өгөх өдөр хөдөлгөөн" ТББ-тай хамтарч, тэдний дансаар хандиваа цуглуулж байгаа. Хандивын данс нь "шилэн" болохоор орж гарч байгаа бүх гүйлгээ мэдэгддэг юм билээ.

Хүүхдээ аваад хөдөөнөөс ирээд эмчлүүлж буй аав, ээжүүд маань живхний ч мөнгөгүй болсон тохиолдол байна. "Тоди" компанийнхан ХӨСҮТ-ийн сэхээний тасагт 2,000 ширхэг живх хандивласан. "Таван богд" групп бас живх хандивлахаа мэдэгдээд байгаа. 

Эмч нар маань маш их ачаалалтай ажиллаж байна" хэмээн ярилаа.

Сайн үйлсийн аян өрнүүлж байгаа залуусын зүгээс гурван гол зорилт тавьжээ. Үүнд,

Энэ асуудлыг төрийн нүд чихэнд хүргэж анхаарлыг хандуулж онцгой нөхцлөөр ажиллуулах нь эхний зорилт байв. Өнгөрсөн таван хоногт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын анхаарлыг үүнд хандуулж чадсан. Ерөнхийлөгч иргэдэд мэдээлэл хийхийг холбогдох хүмүүст үүрэг өгч, Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийж, ХӨСҮТ-д биечлэн очиж, Засгийн газраас нэмж 453 сая төгрөгийг эм тариа авахад зарцуулахаар боллоо. Хэдийгээр энэ нь бүх асуудлыг нэг мөсөн шийдэхгүй ч энэ бол томоохон ахиц, бид эхний зорилгодоо үндсэндээ хүрч чадлаа.

Хэвлэл мэдээлийн хэрэгслээр өвчнөөс урдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл бэлтгэн явуулах. Энэ ажлыг хэвлэл мэдээллийнхэн тодорхой хэмжээгээр хийж байгаа ч хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг найзуудаасаа дахин уриалж байна.

Иргэд бид өөрсдөө юу чадах вэ? Энэ зорилтын хүрээнд хандивын аян маань амжилттай үргэлжилсээр байна. Одоогоор бид "Өгөх өдөр хөдөлгөөн" ТББ-ын дансанд хуримтлагдаж байгаа мөнгөнөөсөө зарцуулж эхлээгүй байна. Энэ Баасан гараг өдөр хүртэл хандиваа аваад нэгдсэн байдлаар хамгийн хэрэгтэй зүйлсдээ зарцуулна. Одоогоор гадаад дотоодод байгаа иргэдийнхээ ирүүлж байгаа биет зүйлс, мөнгөн хөрөнгөөр хандив тусламжаа хүргэсээр байна. Өчигдөр оройн байдлаар Утлагын аппарат 24 ширхэг, 10 ширхэг тариа, бусад 3,000 орчим нэгж зүйлс шаардлагатай эзэддээ хүрээд байна. Бас бидэнтэй холбогдож маш олон иргэд өөрсдийн хандив тусламжыг шууд хүргэсээр байна.

Аян өрнүүлж байгаа цөөн өдрүүдэд улам хичээцгээгээд бүгдээрээ аюулт өвчнийг давахад өөрсдийн хувь нэмрийг дайчилцгаая. Дэмжиж, тусалж байгаа бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Их баярлалаа.

 

Цөөхөн хэдэн хоногийн хугацаанд Улаанбурхан туссан хүүхдүүдэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эм тариаг цуглуулж, чадсан сайн үйлс хийж буй залуустаа улам их амжилт хүсье.