Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Одбаяр: Зөрчлийн оноог НӨХӨЖ ХАСАХ асуудал яригдаж байгаа

Г.Номин, iKon.mn
2016 оны 1 сарын 4
iKon.MN
 

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам хэзээнээс, хэрхэн хэрэгжих талаар Замын Цагдаагийн Газрын Урьдчилан сэргийлэх, Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахмад Х.Одбаяраас тодрууллаа.

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг дагаж гарсан Зөрчлийн оноо тооцох журам хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хууль 2015 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.  Тус хуулийг дагаад нийт 26 журам батлагдсаны нэг нь Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам юм. Зөрчлийн оноо тооцох журмыг хэрэгжүүлэхийн тулд хийгдэх бэлтгэл ажлууд байгаа. Тухайлбал, цахим системд шилжих, програм зохиох гээд асар их ажил байна. Журам батлагдсанаас хойш холбогдох байгууллагууд эдгээр ажлуудыг хийгээд явж байгаа. Бидний зүгээс яг тэдэн гэхэд шаардлагатай систем, техник хэрэгсэл бэлэн болно гэж хэлэх боломжгүй байна. 

Зөрчлийн оноо хасах процессын үйл ажиллагаа явагдаж байгаа.

Журам хүмүүсийн нүдэн дээр ил хэрэгжээд, зөрчил гаргасан жолооч нарын оноог хасахгүй байгаа хэдий ч хуулийн дагуу журам нь есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Зөрчлийн оноо хасах процессын үйл ажиллагаа явагдаж байгаа гэсэн үг.  

- Зөрчлийн оноог нөхөж хасна гэсэн үг үү?

- Тийм. Жолооч зөрчил гаргахад бэлэн бусаар торгож байгаа. Бэлэн бусаар торгоно гэдэг маань тухайн жолоочтой холбоотой мэдээ мэдээллүүд жолоочийн бүртгэлийн санд хадгалагдсан гэсэн үг. Тухайн мэдээллийг үндэслэн жолоочийн есдүгээр сараас хойш гаргасан замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг тооцож, журмын дагуу оноог нь нөхөж хасах асуудал яригдаж байгаа.

Жолооч зөрчлийн оноогоо хасагдсан эсэхийг хянах вэб сайтыг хийж байгаа. Одоогоор хараахан бэлэн болоогүй байна. Вэб сайт бэлэн болмогц замын цагдаагийн байгууллагын зүгээс нэгдсэн байдлаар мэдээлэл өгөх болно. 

- Torguuli.mn вэб сайтаар ороод торгуулиа шалгадаг шиг зөрчлийн оноогоо хасагдаж байгаа эсэхийг хянадаг вэб сайттай болно гэсэн үг үү?

- Тийм ээ. Бэлэн бус торгуулийн системд шилжсэнээс хойш torguuli.mn вэб сайт руу ороод автомашиныхаа дугаар серийг бичээд хэдэн удаа дүрэм зөрчсөн, хэдэн төгрөгийн торгуультай байгаагаа хардаг шиг тийм вэб сайттай болно.

- Одоохондоо жолооч нар есдүгээр сараас хойш гаргасан замын хөдөлгөөний зөрчлөө хянаад зөрчлийн оноо нь хасагдсан эсэхийг тооцоолох юм байна. Тийм үү?

- Тэгэлгүй яах вэ. Ер нь бол зөрчлийн оноо хасах энэ зохицуулалт нь цоо шинэ зүйл биш гэдгийг хэлмээр байна. 2000 оны эхэн үед жолоочийн сахилгын талон гэж байсан. Талоноо гурав цоолуулбал хүчингүй болдог байсан. Энэ нь жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд үр дүнтэй арга байдаг.

Замын хөдөлгөөний дүрэм бол бүх нийтээр дагаж мөрдөх дүрэм. Хэн нэгэн давуу эрх эдэлж, дүрмээ биелүүлээд явж байгаа бусад жолоочийн эрхийг зөрчиж болохгүй. Замын хөдөлгөөний дүрмийг санаатай зөрчдөг цөөхөн хэдэн жолооч байгаа. Даган дуурайдаг бас нэг хэсэг байдаг. Тэдгээрээс болоод дүрмээ баримталдаг олонх хохирох ёсгүй.


Жолоочийн зөрчлийн оноо доорх байдлаар хасагдана

Жолоочийн зөрчлийн ерөнхий онооны дээд хэмжээ 10 байхаар тооцно. Энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарт шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч /үнэмлэх нөхөж, сольж авах,ангилал ахиулахаас бусад/, зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтанд тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноо олгох юм.

 

  • Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасна.

 

  • Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцно.

 

  • Хуульд заагдсан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан жолоочийн зөрчлийн оноог хүчингүйд тооцно.

 

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчснөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд 5 оноо хасна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах нэгжээр хасна. Үүнд:

 

  • Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид -2 оноо. Өөрөөр хэлбэл, 2 оноо хасна.

 

  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид -1 оноо,

 

  • Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -2 оноо, 

 

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -1 оноо,

 

  • Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо,

 

  • Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо,

 

  • Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид -3 оноо,

 

  • Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид -2 оноо,

 

  • Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид -1 оноо,

 

  • Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -1,

 

  • Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд -2 оноо,

 

  • Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид -2 оноо,

 

  • Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид -2 оноо,

 

  • Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид -3 оноо,

 

  • Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид -1 оноо,

 

  • Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид -1 оноо,

 

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог хэрхэн сэргээх вэ?
  • Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш НЭГ жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй ХОЁР жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна.

Гэхдээ жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу ногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид энэхүү урамшуулал хамаарахгүй.

 

  • Эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн хасагдсан жолоочийн зөрчлийн оноог сэргээнэ.

 

  • Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгож болно.