ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баттулга: Даяаршиж байгаа дэлхийд үндэснийхээ дархлааг авч үлдэх үндэс нь МОНГОЛ АГУУЛГА

ikon.mn
2015 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монголын орчин үеийн уран киноны салбарт томоохон байр суурийг эзлээд байгаа чадварлаг найруулагч СТА Сувидын Баттулгатай хэсэг хором ярилцсанаа хүргэе. Тэрээр өнгөрсөн жил анхны олон ангит кино буюу "Гурван найз" инээдмийн цуврал дээр ажилласан бөгөөд энэ удаад "Боловсрол суваг" телевиз, "Коктейль фильмс"-ийн хамтын бүтээл "Хөгжилтэй гэр бүл" олон ангит кинон дээр ажиллан бүтээлээ үзэгчиддээ хүргэхэд бэлэн болоод байгаан байна.

- Сайн байна уу? Олон сарын хөдөлмөр нь өнөөдөр үзэгчдэд хүрэх юм байна. Танд баяр хүргэе.

- Баярлалаа.

- “Хөгжилтэй гэр бүл” олон ангит киног "ситком" төрлөөр хийжээ. Энэ төрөл юугаараа онцлог, яагаад энэ төрлөөр хийх болов?

Би үндсэрхэг үзэлтэн биш л дээ. Үндэсний үзэлтэн юм

 

- Ситком киноны хэд хэдэн онцлог бий. Энэ бол "Situation Comedy" гэсэн үгний товчлол юм. Үүнийг кино судлаачид "нөхцөл байдлын инээд" гэж тодорхойлж байгаа. Ихэнх олон ангит кинонд нэг үйл явдал хэлхээ байдлаар хөвөрсөөр дараа дараагийн ангид үргэлжилдэг. Харин ситком цувралд нэг анги дээр нэг үйл явдал өрнөнө. Тэр нь дараагийн анги дээр үргэлжлэхгүй, бүр нөлөөлөхгүй ч байж болдог.

            Манай кинон дээр ярьвал нэг гэр бүлд нэг үйл явдал буюу ямар нэгэн нөхцөл өгөөд  тэр байдалд дүрүүдийн үзүүлж байгаа хариу үйлдэлийг харуулдаг онцлогтой. Бас нэгэн онцлог нь тухайн нийгмийнхээ тухайн үед болж өнгөрч байгаа үйл явдлыг өөртөө шингээдэг. Жүжигчдийн тоглолтын хувьд их онцлогтой. Инээдмийн киноноос ч илүү хэтрүүлэгтэй тоглолтыг нэхдэг. Зарим талаараа бүр театрын тоглолт ч нэхнэ. Ийм хэтрүүлэгт инээд орсноороо нөхцөл байдлын буюу ситком гэсэн төрлөө илэрхийлдэг. Зарим талаараа бүр дүрүүдийн шугамд хүртэл нөлөөлөх ч тохиолдол байна. Жишээ нь ухаалаг, төлөв даруу дүр байтал тухайн ангид яг үүнийх нь эсрэгийг ч нэхэж байж болох хувирамтгай, их чөлөөт тоглолт шаарддаг онцлогтой. Мөн тайзан дээр хүртэл хэтрүүлэг хийхийг зөвшөөрдөг. Бусад төрлийн кинонд тайзыг бодит байхыг шаарддаг бол энэ төрлийн уран бүтээлд тайзанд хэтрүүлэг хийж болохыг зөвшөөрдөг.

- Түрүү жил “Гурван найз” цувралыг мөн ситком төрлөөр хийсэн. Энэ жил яагаад мөн энэ төрлөөр хийе гэж бодсон бэ?

- Ситком төрлийн онцлогууд манай өнөөгийн телевизийн орчинд их зохицох юм болов уу гэж бодсон. Дээрээс нь цагаан инээд давамгайлсан төрөл болохоор. 21-р зуунд хүмүүс бид их завгүй амьдардаг болсон байна. Ажил, мөнгө гэх ч юмуу их завгүй амьдрал дунд хүмүүс бас их түүртэж ядарч байна. Тэр хэрээрээ бухимдал үүсч байна. Үүнийг бага ч гэсэн инээд хөөр бэлэглэж тайлъя гэсэн зорилго бас байсан. Мөн  энэ ситком гэсэн жанр маань ажиллахад их урамтай болохоор сонгосон л доо.

- Кино группэд хичнээн хүн ажилласан бэ?

- Барагцаагаар 200-аад уран бүтээлч бол орсон шүү. Олон сайхан жүжигчдээс эхлээд урлаг соёлын алдартнууд, эгэл жирийн авъяаслаг хүмүүс ч оролцсон.

- "Хөгжилтэй  гэр бүл" олон ангит кино хэр хугацаанд бүтсэн бэ?

- Зохиолоо ярьж эхэлсэн хугацаанаас эхлэн тооцвол 7 сар орчим юм уу даа.

- Олон ангит кино хийхэд мэдээж их зардал, хүч хөдөлмөр, цаг хугацаа орно. Зүгээр л гадны бэлэн контент худалдаад авчихсан бол амар байх байсан юм биш үү? Яагаад заавал өөрсдөө кино хийх ёстой вэ?

- Манайх улс олон телевизтэй болж байна. Орой очоод үзэхэд дэлхий нийтийн алдартай контентуудыг ямар ч зохиогчийн эрх авалгүй олон арваар нь гаргаж байна. 7 хоногийн эфирийг харахад 1 өдөр 20-оод контент зарлагдсан байгаагаас яг өөрсдөө хийж байгаа нь 4, 5 хан байгаа юм. Энэ бол их эмгэнэлтэй зүйл гэж санагдсан. Сайн зүйлс ч бий л дээ. Гэвч уран бүтээлч бид өөрийн орныхоо онцлог, сэтгэл зүй зэргийг мэдэх учраас өөрсдийн  нөөц бололцоогоо ашиглаад  уран бүтээл хийж байх ёстой юм. Би үндсэрхэг үзэлтэн биш л дээ. Үндэсний үзэлтэн юм. Бид даяаршиж байгаа нь энэ гээд хил хязгар, дуу хөгжим, урлаг соёлоо бүгдийг нь хайлуулахыг зөв биш гэж боддог. Даяаршиж байгаа дэлхийд үндэснийхээ дархлааг авч үлдэх нэгэн үндэс нь  тухайн улсын уран бүтээлчид өөрсдийн хүчээр дотоодынхоо контентуудыг тасралтгүй үйлдвэрлэж байх хэрэгтэй гэж боддог. Тэр нь бүр тодорхой насны ангилаар, тодорхой зорилтот бүлэгт чиглэгдэн сонирхлоор нь дамжуулж үзэл бодолд нь нөлөөлөхийг урлаг уран сайхнаар уран бүтээлчид хийх ёстой, бидний үүрэг ч гэж боддог.  Монголчууд бид цөөхүүлээ шүү дээ.

- Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөг сонирхож болох уу?

- Зарим нэг саналууд ирсэн. Ер нь энэ зун хийхээр төлөвлөж байгаа ажил их байна. Яг одоо бол яриа хэлцлийн төвшинд байгаа болохоор нууцалъя даа. 

 

"Хөгжилтэй гэр бүл" олон ангит киног Юнивишн видео сангийн олон ангит кино цэснээс сонгож үзээрэй.