Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Одоо л нэг Монголын цагаан сар гэж хэлж болохоор болж

О.Уянга
2015 оны 2 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

Нэг хэсэг Монголын ганц уламжлалт баяр Цагаан сарыг тэмдэглэхээ больцгооё гэсэн уриалга гаргагчид олон байлаа. Бодвол манай угсааны биш хүмүүс бусниулах гэж оролдож байсан нь тэр биз. Угтаа бол бид cap шинийн баяраа тэмдэглэсэн шиг тэмдэглэж байх ёстой. Гэхдээ хүн бүр өөрийнхөө чадлынхаа хүрээнд шүү дээ.

Түүнээс биш айл болгон долоон үеэр таваг засаад, том ууц тавиад, баруун солгойгүй бэлэг сэлт цад гээгүй. Гол нь Монголоороо, уламжлал ёсоо сахиад, сайхан шинэлчих л хэрэгтэй. Ер нь ч бид Цагаан сараар бүх ёс уламжлалаа дагаж мөрдөж, ахас дээдсээ хүндэлж, ураг садантайгаа учран золгодог. Хамгийн их ёс заншлаа мөрддөг баяр маань цагаан cap.

Тийм болохоор бид Цагаан сараа тэмдэглэх ёстой. Бэлэг өгөхгүй байя гэж сүүлийн хэдэн жил уриалсан. Ямар ч зорилготой уриалга юм. Уг нь хоосон алга дэлгэлгүй хадаг барьж золгодог нь Монгол уламжлал. Ирсэн зочныг хоосон буцаадаггүй алгыг нь дээш нь харуулдаг нь ч Монгол уламжлал.

Түүнээс биш бэлэг өгч баяр­хах гэж байгаа юм биш. Яах вэ, нэг хэсэг Монголын цагаан сар биднийх биш юм шиг байсан үе бий. Хүмүүс Эрээн рүү явж тэндээс юу ч хамаагүй хог, новш цуглуулж ирдэг байлаа. Тавгаа засдаг хэвийн боовоо, цагаан идээ, чихэр жимс гээд юу л байна Эрээнээс чирч ирнэ. Арай л ууцаа авчирдаггүй байсан байх.  

За тэгээд Цагаан сар болохоор бие биедээ ижил буруу, энд тэндээ цоор­сон урагдсан, хамгийн муу муухайг бэлэглэж, Монголын биш Хятадын цагаан сар шиг л болдог байв. Юун үндэсний үйлдвэрлэл энэ тэрээ дэмжих. 

Дээрээс нь Хятад спиртээр найруулсан архи ууна. Үндэсний хувцсаа өмссөн хүн явбал бараг үргэх шахна, хөдөөнийх гэж тэнэглэнэ.  Цагаан сараар ч дээл өмсдөг хүн байдаггүй байлаа. Монголын юм гэвэл бие биетэйгээ золгож, үнсэлцдэг нь л хэвээр байсан байх. Тэгвэл тийм цөвүүн цаг жил ирэх тусам холдсоор байна. Монголчуудын ухамсар дээшилж, ёс заншлаа мэд­дэг болж. Энэ жил үнэхээр Монголын цагаан сар болж байна гэж хэлэхээр байлаа. 

Учир нь бүх зүйл бараг л Монголоороо байж чадсан. Цагаан сараар дээл өмсөөгүй хүн бараг харагдсангүй. Тэр дундаа хүүхдүүд дээл, хантааз өмсөж, үнэхээр сайхан гоёж. Мэр сэр залуус дээлгүй явж байгаа харагдсаныг эс тооцвол бид үнэхээр Монголынхоо үндэсний хувцсаар гангарч чадаж байна.

Дээрээс нь энэ жил үндэсний үйлдвэрлэгчдийг утгаар нь дэмжлээ. Үндсэндээ бид гаднынхыг биш бие биеэ дэмжиж, дээш нь татлаа шүү дээ. 

 Цагаан сараар дээл өмсөөгүй хүн бараг харагдсангүй.

Цагаан сарын өмнө Эрээн рүү явж байгаа хүн бараг байгаагүй. Түүний оронд “Монголд үйлдвэрлэв” гэ­сэн тодотголтой үзэсгэлэн худалдаанууд хүнээр дүүрэн байсан.

Тиймдээ ч сар шинээр нэг нэгэндээ сэмэрсэн Хятад оймс өгсөнгүй. “Made in Mongolia” гэсэн шошготой бараа, бүтээгдэхүүн нэг нэгэндээ бэлэглэж байна Монголчууд. Дээрээс нь манай үндэс­ний үйлдвэрлэгчид зөвхөн оймс хий­дэг байсан цаг ард үлдэж. 

Өмд, цамц, дотуур хувцас, тэлээ, арьс ширэн эдлэл, гутал хувцсыг чанартай сайхан хийдэг болчхож. Үнэ өртгийн хувьд ч гайгүй байв.  Өнгөрсөн жил эдийн засаг хямарч, валютын ханш тэнгэрт тулсан. Энэ байдал нь ёстой нөгөө сохорсон биш завшив гэдэгтэй л ял­гаагүй зүйл боллоо. Эдийн засаг хямарсан нь аз гэж муу ёрлож байгаа юм биш. Хятадын юань 300 хол давж, Эрээнээс зөөдөг хогийн бараанууд үнэтэй болсон.  

Дээрээс нь иргэдийн худалдан авалт багасаж, Хятадын чанар муутай бараа бүтээгдэхүүнээс татгалздаг болчхоод байгаа. Энэ нь үндэсний үйлдвэрлэл сэргэхэд ихээр нөлөөлсөн гэхэд болно. Дээрээс нь манай үйлдвэрлэгчид дэлхийн жишигт хүрч эхэллээ.

Загвар, хийц муутай, сав баглаагүй хачин юм үйлдвэрлэчихээд, түүнийгээ үнэтэй зарах гэж зүтгэдэг байсан цаг ард хоцорч. Харин загвар хийц сайтай бүтээгдэхүүнүүдийг олон төрлөөр нь үйлдвэрлэж байна. 

Сав, баглаа боодол нь аятайхан болсон. Тэгээд ч Эрээний муу бараанаас үнэтэй биш. Ийм бай­хад Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй гээд яах билээ. Нөгөө талаар Орос руу визгүй зорчдог болсонтой холбоотойгоор хойд хөрш рүү чиглэх урсгал эрс нэмэгдсэн.

Мэдээж Орост үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн гэдэг чанарын хувьд боломжийн. Эрээний хогноос бол хавь илүү. Энэ мэт хүчин зүйлээс болоод Монголчууд бид энэ жилийн цагаан сараар Эрээний чанаргүй бараанаас татгалзаж, бие биеэ дэмжиж, сайхан шинэллээ.  

Ядаж л энэ жилийн цагаан сарын өмнө ууц тавихаас татгалз, бэлэг битгий өг гэсэн шалдир бульдар уриалгууд ч явсангүй. Дээрээс нь хүмүүсийн ухамсар илт дээшилж, аятайхан баярладаг болж. Өнгөрсөн жил сар шинээр 20 хүн эндэж байсан бол энэ жил тийм хар бараан үйл явдал болсонгүй.

Ингээд л бодоод үздээ, бид уламжлалт баяраараа сай­хан баярладаг болсон байгаа биз. Уламжлалаа ч, өөрсдийгөө, өрөөлийг ч хүндэлж ханддаг болсон байна.  Модон хонь жилийг угтах сар шинийн баяр сайхан боллоо. Одоо л нэг Цагаан сараа “Монголынх” гэж ам бардам хэлж болох нь.

Зураг