М.Батчимэг: Монголд засаглалын хямрал нүүрлэснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй
Улаанбаатарын эдийн засгийн клубээс зохион байгуулсан уулзалтад УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцож, “Засаглал ба хөгжил” сэдвээр лекц уншсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан юм. Тэрбээр илтгэлдээ Монгол засаглалын хямралд орсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гээд, энэ байдлыг өөрчлөхийн тулд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийг өөрчлөх нь хамгийн зөв гарц гэсэн санааг гарган тавьсан юм.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиар бол Засгийн газрын сайд нарыг Ерөнхий сайд санал болгож, УИХ баталдаг. Энэ нь гүйцэтгэх засаглалтай хариуцлага тооцох боломжийг алдагдуулж байгаа гэдгийг тэрбээр тодорхой жишээгээр тайлбарласан билээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэгэнтээ “Агентлагийн даргаа томилж, чөлөөлж чадахгүй бол Ерөнхий сайд байгаад яадаг юм” хэмээн хатуухан үг хэлж байсан удаатай.
Үнэхээр ч яамны сайд битгий хэл, агентлагийн даргыг солиход дарамтад ордог, фракци, ашиг сонирхлын бүлгүүдийн шахалтад өртдөг хууль эрхзүйн орчинд гүйцэтгэх засаглалын тэргүүн ажлаа явуулж байгаа нь үнэн. Уг нь бол УИХ Засгийн газарт үүрэг өгч, хэрэгжилтийг нь хянан хариуцлага тооцдог. Гэтэл Ерөнхий сайд өөрийнхөө багийг бүрдүүлж ажиллах боломж байхгүй.
Энэ байдал Монгол Улсыг 20 гаруй жилийн хугацаанд 14 Засгийн газар солиход хүргэсэн байна. Үндсэн хуулийн алдаатай заалтыг өөрчилж, Засгийн газрын тэргүүн УИХ-ын оролцоогүйгээр танхимаа бүрдүүлж, хариуцлагаа бүрэн хүлээдэг болчихвол төр тогтвортой хөгжих хамгийн том түлхэц болно гэсэн санааг М.Батчимэг гишүүн дэвшүүллээ.
Н.Алтанхуяг: МАХН-тай байгуулсан гэрээг ҮЗХ-гоор хэлэлцүүлнэ
АН, МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан талаарх мэдээлэл энэ долоо хоногийн хамгийн анхаарал татсан үйл явдал байсан билээ. Гэрээ байгуулсны дараа олон нийтэд Н.Алтанхуяг дур мэдэн гэрээ байгуулсан гэх мэдээлэл түгсэн. Гэвч Н.Алтанхуяг дараа нь мэдээлэл хийж, гэрээг АН-ын эрх бүхий байгууллагуудаар хэлэлцүүлнэ гэсэн мэдэгдэл хийж олны шуугианыг намжаахыг оролдсон юм.
Түүний хэлснээс үзвэл гэрээг удахгүй намынхаа ҮЗХ-гоор хэлэлцүүлэх гэж байтал цагаас нь урьтаад хэн нэг нь олон нийтэд дэлгээд ийм шуугиан гаргачихсан гэж ойлгогдохоор. “Гэрээний хавсралт” гэгч хуурамч баримт бичиг олон нийтийн сүлжээгээр тарсан нь ч энэ үйл явдлыг дэвэргэх, тархи угаах гэсэн хэсэг бүлэг этгээд байна гэж хардахад хүргэсэн. Энэ явдлаас болж сэтгүүлчид ч ТЕГ-т байцаагдаад авсан юм.
Гэвч нөгөө талаас, хэрвээ ҮЗХ-гоор хэлэлцүүлэх байсан бол гэрээнийхээ төслийг л хэлэлцүүлэхгүй яагаад гарын үсэг зураад баталгаажуулчихсан байдаг билээ гэсэн асуулт гарна. Ямартай ч гэрээ олон нийтэд ил болсны дараа гарын үсэг зурсан хоёр дарга нь мэдэгдэл хийж, гэрээний заалтуудын талаарх ойлголтыг нэг мөр болгох ажлыг амжуулахаар ажлын хэсэг байгуулахаар болсоноо дуулгалаа.
Н.Энхбаяр: Гэрээ байгуулснаараа АН-ыг бутаргах гээгүй
Гэрээ олон нийтэд ил болсны дараа нийтлэлч Баабар “2017 онд Н.Энхбаяр АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихийг хараад үхэх юм байна л даа” хэмээн гасалж, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Бусармаг гэрээг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэл хийсэн нь Ардчилсан нам хагаралдаад эхэлсэн мэт ойлгогдсон. Тэгвэл хамтарсан мэдэгдлийн үеэр хийсэн мэдэгдэлдээ Н.Энхбаяр “Гэрээ байгуулснаар АН-ыг хагаралдуулах санаа агуулаагүй” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Түүний мэдэгдлийг дэлгэрүүлбэл, “Энэ гэрээ цоо шинэ зүйл биш. 2012 онд нэг нам дангаар засгийг барих боломжгүй үед хоёр нам гэрээ хийсэн. Гэрээний зүйл заалтыг улам сайжруулах саналыг дэмжин, хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн. Бид Ардчилсан намын нэр хүндэд харшлах зүйл хийх санаа байгаагүй. Гэрээнд улс төрийн намын санхүүжилтийг ил болгох зэрэг чухал заалтууд бий. Хэдэн сарын турш яригдсан гэрээ.
Ардчилсан намын нөхдүүдийн шүүмжлэлийг эерэгээр хүлээж авч байгаа. Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулъя гэрээгээ бүр тодорхой болгоё гэсэн санал тавихад хүлээн зөвшөөрсөн. Гэрээ аль болох олон хүний санал хүсэлт орж байж сайн болох ёстой. Ажлын хэсэг дээр, гэрээнд баяжуулах зүйл байгаа. Ардчилсан намыг эвгүй байдалд оруулах буруу зөрүү санаа бодол байхгүй. Цаашдаа улам идэвхтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм. Хэдийгээр ингэж мэдэгдэж байгаа боловч, Ардчилсан нам дотор үл ойлголцол үүсгэсэн нь үнэн юм.
Д.Баттулга: Төсөв дутагдсанаас болж, нийслэл ирэх жил чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ
Засгийн газар 2015 оны төсвийн төслийг МАН-ын санаачлагаар буцаан татсан байснаа шинэчлэн боловсруулж оруулж ирсэн билээ. Гэвч энэ төсөлд нийслэлийн төсвийг нэлээд татаж оруулж ирсэн бололтой. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга энэ талаар мэдээлэл хийж, доорхи зүйлсийг ярьжээ.
“Нийслэл 18 чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүний 16 чиг үүрэг буюу 247 тэрбум төгрөг нийслэлд шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний мөнгө хотод байхгүй гэсэн үг. Энэ нөхцөлд хөрөнгө оруулалтын тухай ярих хэрэггүй. Хотын хөрөнгө оруулалт тэг зааж байна. Нийслэлийн 18 чиг үүрэг гэдэгт нь далан барих, хотын гэрэлтүүлэг, тохижилт, зам засварын ажил гэх мэтчилэн нэн шаардлагатай ажлууд багтдаг юм. Тэгэхээр энэ төрлийн 18 чиг үүргийн 16-г нь хэрэгжүүлж чадахгүй болчихоод байна.
Төсвийн төслийг энэ хэвээр нь батлах юм бол нийслэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдана. Дараагийнх нь хотын төсвийн орлогын 70 хувийг хүн амын орлогын албан татвараас бүрдүүлдэг. Энэ татварыг сарын сүүлээр ганц удаа авдаг. Гэтэл иргэд цалингаа сарын эхэнд болон төгсгөлд хоёр хувааж авдаг шүү дээ. Тэгэхээр татвар цалин хоёрын дундах цаг хугацаа таарахгүй байгаа юм. Иргэд цагтаа цалингаа авч чадахгүй нийгмийг бухимдуулсан бэрхшээл үүсэх магадлалтай” хэмээжээ.