Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

ТӨХ, Төмөр замын удирдлагын тамга, гарын үсгийг “Жаст”-ын Ш.Батхүү хуурамчаар үйлдсэнийг тогтоолоо

Н.Дэлгэр
2013 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
“Жаст” группийн захирал Ш.Батхүү

 “Хадгаламж” банкны дампуурал, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэгт татагдаад буй “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.

Энэ хэрэгт холбогдуулж төрийн болон хувь нийл үүлсэн байгууллагын хэд хэдэн хүнээс УМБГ-ын ажилтнууд тайлбар авсан тухай НПГ-ын эх сурвалж мэдээллээ. Энэ хэргийн эргэн тойронд юу болж буй талаар эргэн сурвалжлав.

Ш.Батхүүд залилангийн болон бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт ял тулгажээ.

Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас “Жаст” группийн захирал Ш.Батхүү уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж 109 сая ам.доллар зээлсэн хэрэг шуугиан дэгдээж, олны анхаарлын төвд байгаа билээ. Ингэж зээл авахдаа Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн дарга захирал асан Ч.Ганзоригийн тусламжтайгаар 2009 онд зээл авсан аж. Уг зээлийг зургаан жилийн хугацаатай, гурван үе шаттайгаар авсан гэдэг.

Гэвч тэрбээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш зээлээ хуваарийн дагуу төлөөгүй учраас “Стандарт” банкнаас тус үйлдвэрт хандсан албан бичиг ирүүлсэн байж. Үүний дараагаар тус банкнаас найман хүнтэй ажлын хэсэг томилогдон “Эрдэнэт” үйлдвэрт хоёр удаа ирж ажиллаад явжээ.

Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд тус үйлдвэрийг банкинд зээлийн барьцаанд тавьсан гэх нэг ч баримт олоогүй байна.

Гэтэл “Стандарт” банкнаас Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын баталгаат гарын үсэг бүхий зээлийн баталгааг үзүүлсэн гэнэ.

“Стандарт” банкныхан “Бид хуурамч бичиг баримтад үндэслэн зээл олгоно гэж байхгүй. Бүх зүйл хууль ёсны дагуу явагдсан” хэмээн олон улсын Арбитрын шүүхэд хандаад байгаа юм. Харин УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Ш.Батхүүгийн “Стандарт” банкнаас авсан зээлийн гэрээний бичиг баримтад шинжээч томилон шалгуулсан гэнэ. Үүний зэрэгцээ төрийн болон хувь нийлүүлсэн байгууллагын холбогдох хүмүүсийн тайлбарыг ч цагдаагийнхан аваад буй аж.

Тухайлбал, тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугараас гэрчийн мэдүүлэг авчээ. Д.Сугар “Хадгаламж” банкны хувьчлалын талаар тайлбар өгөхийн зэрэгцээ “Стандарт” банкнаас зээл авахад ямар нэгэн байдлаар оролцож, гарын үсэг зурж, тамга дараагүй гэдгээ тайлбарласан гэнэ. Харин Ш.Батхүү бичиг баримт хуурамчаар үйлдсэнээ мөрдөн байцаагчдад тайлбарласан гэж НПГ-ын эх сурвалж өгүүлэв. Ш.Батхүүг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнуудын санал, НПГ-ын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн шүүхээс энэ оны наймдугаар сарын 13-нд цагдан хорьж эхэлжээ.

НПГ-ын эх сурвалж “Зарим хэвлэл хэвлэлээр Ш.Батхүүг өнгөрсөн долоо хоногт хорьсон мэтээр мэдээлэл цацаж буй нь ташаа юм. 

Түүнийг өнгөрсөн наймдугаар сард сэжигтнээр тооцон цагдан хорьж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан тодорхой хугацааны дараа яллагдагчаар тооцон цагдан хорих хугацааг сунгасан” гэв.

Бидний авсан мэдээллээр Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр залилан мэхэлж авсан”, 233 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “Хуурамч бичиг баримт ашиглаж иргэн, аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан” гэж буруутган яллагдагчаар татжээ.

Хадгаламж банк /хуучнаар/

“Хадгаламж” банкны захирал эмэгтэйг Ш.Батхүүгийн хэрэгт буруутгав уу

“Хадгаламж” банкны дампууралтай холбоотойгоор олон хүн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст тайлбар өгчээ. Тэдний дунд Ерөнхий сайд асан С.Баяр, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн захирлаар ажиллаж байсан В.Отгондэмбэрэл, Т.Очирхүү нар гэрчийн мэдүүлэг өгсөн гэнэ.

Ш.Батхүү “Улаанбаатар төмөр зам”-аар давхар батлан даагчийн гэрээ “хийлгэж”, тухайн үеийн удирдлагуудаар нь гарын үсэг зуруулсан гэх боловч мөрдөн байцаалтын явцад мөн л хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогджээ. Арга нь ердөө л энгийн.

“Жаст” групп, “Хадгаламж” банкинд ирсэн ТӨХ болон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын гарын үсэг бүхий бичиг баримтаас гарын үсэг, тамгатай хэсгийг нь скайнердаад, компьютер ашиглан гэрээнд буулгасан гэх. Шинжээчдийн дүгнэлтээр энэ нь батлагдаад буй юм билээ. Тиймээс С.Баяр, Т.Очирхүү, В.Отгондэмбэрэл нар гэм буруугүй нь тогтоогдсон гэдгийг НПГ-ын эх сурвалж өгүүлсэн юм.

Ш.Батхүүгийн холбогдоод буй өөр нэг луйврын хэрэг нь “Хадгаламж” банкны хөрөнгөөс үгүй хийсэн явдал. Энэ хэрэгтээ тэрбээр “Жаст” группийнхээ зарим нэг эрх бүхий албан тушаалтныг хөлдөө чирээд буй гэнэ.

Тухайлбал, “Жаст” группийн ерөнхий нягтлан бодогчоос эхлээд Санхүүгийн албаны дарга, эцэстээ “Хадгаламж” банкны нэгэн захирлаар томилогдсон Бадамцэцэг гэх эмэгтэй энэ хэрэгт холбогдоод буй аж.

Тэрбээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст тайлбар, мэдүүлэг өгч буй бөгөөд түүний гарын үсгээр баталгаажуулсан санхүүгийн хэд хэдэн баримтыг нотлох баримт болгож хурааж авчээ.