Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд “Эрдэнэс Тавантолгой”-оос хувь эзэмших хүсэлтээ илэрхийллээ

Х.Жаргал
2014 оны 4 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиро тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх буудлын ажлын явцтай танилцаж байгаа юм.

Айлчлалын хүрээнд өчигдөр Монгол Улсын Зам тээврийн сайд А.Гансүх Японы төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

ЗАМ ТЭЭВРИЙН САЙД А.ГАНСҮХ: ЯПОНЫ ТАЛ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д ХУВЬ ЭЗЭМШИХ ХҮСЭЛТЭЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛСЭН

-Би сайд болмогцоо хамгийн түрүүнд Япон улсад айлчлал хийе гэсэн хүсэлтээ  Засгийн газартаа уламжилсан байсан юм. Гэтэл Японы төлөөлөгчид маань надаас урьтаад эх оронд маань айлчилчихлаа. Энэ удаагийн уулзалтаар Японы тал маш ажил хэрэгч саналууд тавьсан бөгөөд өмнө нь байсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа хэлэлцлээ.

Тухайлбал, Японы зүгээс “Эрдэнэс Тавантолгой”-д хувь эзэмших хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлын менежментийг бүхэлд нь хариуцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ Японы дөрвөн компани менежментийг бүхэлд нь хариуцах юм.

Тиймээс ч бид “Эрдэнэс Тавантолгой”  зэрэг ач холбогдол бүхий төслийг үйл ажиллагаатайгаа хэрхэн  уялдуулах талаар цаашид анхаарч, ажиллана. Үүнээс гадна хотын тээврийн асуудалд онцгой анхаарал хандуулж, хамтын ажиллагааны хүрээнд олон зүйлс төлөвлөөд байна.

Тухайлбал, нийслэлийг зүүнээс баруунд холбосон төмөр зам, 6.6 км метро, агаарын тээвэр, бүтээн байгуулалтын  талаар ярилцлаа. Мөн эдгээрийг хөнгөлөлттэй зээлээр хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна.  

ЯПОН УЛСЫН ГАЗАР, ДЭД БҮТЭЦ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД ОТА АКИХИРО: ХУВЬ ЭЗЭМШИХ АСУУДЛЫГ ХЭРХЭН ТӨМӨР ЗАМТАЙ ХОЛБОХ ТАЛААР СУДАЛНА

-Улаанбаатар хотын төвд баригдах метроны төсөлд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Уулзалтын хүрээнд өөр ямар асуудлуудыг шийдвэрлэсэн бэ?

-Улаанбаатар хотын хөгжлийг хараад үнэндээ биширч байна. Ингэж хурдацтайгаар хөгжиж байгаа улсад зам, тээврийн салбарын хөгжил яахын аргагүй чухал асуудал болох нь тодорхой. Мөн Улаанбаатар хотын төвд метро барих ажил хэрэгжиж эхэлж байгаа юм байна. Энэхүү метрог барихад Япон улсын талаас хөнгөлөлттэй зээл олгох замаар хамтран ажиллах талаар ярилцаж, судлахаар шийдвэрлэлээ.

-Япон Улсын компаниуд “Эрдэнэс Тавантолгой”-д хувь эзэмших хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Хэрхэн шийдвэрлэхээр болов?

-Японы пүүс, компаниуд “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний ордод хувь эзэмших сонирхолтой байгаа. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-д хувь эзэмших асуудлыг хэрхэн төмөр замтай холбож шийдвэрлэх вэ гэдгийг цаашид ярилцаж, шийдвэрлэхээр болоод байна. Судална гэсэн үг юм.

-Танай улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны буудлын төслийн хэрэгжилттэй танилцсан уу?

-Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын салбар Монгол Улсын зам тээврийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар А.Гансүх сайдтай өнөөдөр  хэлэлцэж, ярилцлаа. Шинээр баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны буудлын төсөл амжилттай хэрэгжиж байгаад тун таатай байна.

Уулзалтын хүрээнд онгоцны буудлыг ашиглалтад орсны дараа менежментийн хувьд хэрхэн хамтран ажиллах, Япон Улсын компаниуд хэрхэн оролцож ажиллах талаар санал солилцсон.

ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН АЖЛЫН ЯВЦ 10 ХУВЬТАЙ БАЙНА ГЭВ

Мөн энэ үеэр Хөшигтийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны шинэ буудлын талаар төслийн захирал Н.Энхбат мэдээлэл өглөө. Тус нисэх онгоцны буудлын ажлын явж одоогоор 10 хувьтай байгаа аж. Өнгөрсөн оны мөн үед бүтээн байгуулалтын ажил 8.8 хувьтай байхаар таамаглаж байсан тэдний ажилд ямар нэгэн хүндрэл тулгараагүй болохыг энэ үеэр мэдэгдлээ.

Түүнчлэн Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа тус төсөл Монгол Улсын эдийн засгаас хараат бус гэдгийг онцолсон юм. Тиймээс ч бүтээн байгуулалтын ажилд эдийн засгийн хямрал бусад хүчин зүйл нөлөөлөхгүй аж. Харин замын асуудал хүндрэл үүсгэж байгааг энэ үеэр мэдээллээ.  Замыг үндсэн хоёр хэсэгт хуваажээ. Тодруулбал,  Нисэхийн цагаан хаалга хүртэл зургаан эгнээтэй авто замын ажил хийгдэж байгаа.

Түүнээс цааш Хөшигтийн хөндий хүртэлх хурдны замын ажил концессын гэрээний жагсаалтад орсон аж. Дашрамд дурьдахад, төслийн хүрээнд олон улсын хэллэгээр 4И кодтой нислэгийн зурвас, жилдээ гурав хүртэлх сая хүнд үйлчлэх терминал барихаар төлөвлөж байгаа юм. Тодруулбал, жилд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтайгаар баригдах аж. Энэ эрчээрээ 2020 он хүртэл явах боломжтойг  судалгаагаар гаргажээ.

Үүнээс цааш 2032 он гэхэд зорчигчийн урсгал 4.8 саяд  хүрэхээр төлөвлөж байгаа аж.

Тиймээс өргөтгөх боломжийг нь нээлттэй үлдээж  газар төлөвлөлтийг нь хийсэн байна.  

Бүр цаашилбал 12 сая зорчигч хүлээн авах боломжтойгоор бүхнийг төлөвлөжээ. Одоогийн байдлаар тус төслийн нийт хөрөнгө оруулалт 49 тэрбумд хүрээд байгаа юм.

Түүнчлэн одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажилд 400 орчим хүн, 200 орчим техник, хэрэгсэл ажиллаж байгаа аж. Нийт 22 туслан гүйцэтгэгч компани ажиллаж байгаа бөгөөд үүнээс 17-18 нь дотоодын туслан гүйцэтгэгч юм байна.

Зураг