Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Кайрат Закирьянов: Казахстанд Чингис хааны “тасархай” бий

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Казахстаны “Караван” сoнинд (caravan.kz) Кайрат Закирьянов хэмээх нэгэн эр Казахуудын уг гарлын тухай өөрийн үзэл бодлоо тайлбарлажээ. Түүхэн үндэслэл, баримтууд зэрэг нь үнэмшихэд хэцүү ч түүний ярьсныг тэр хэвээр нь хөрвүүлэн хүргэж байна. Түүний авсан шагналыг манай нэгэн төрийн бус байгууллагаас олгосон бололтой.

Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Математикын ухааны профессор, Казахын Спорт, Аялал Жуулчлалын Академийн ерөнхийлөгч Кайрат Закирьянов Чингис хааны ууган хүү Зүчийн ДНК-ын шинжилгээг хийх санаачлага гаргажээ. Ингэснээр домогт удирдагчийн удам угсааны тухай урт удаан үргэлжилсэн маргаанд цэг тавих зорилготой гэнэ.

Чингис хааны уг гарал, амьдрал, үйл хэргийг судлахад тэр амьдралынхаа багагүй хугацааг зориулжээ. Монгол орноор аялаж, их хаантай холбоотой түүхийн олон баримттай танилцжээ. Эхэн үедээ түүний санааг сонсоод хүмүүс шоолдог байсан бол одоо олон дэмжигчтэй болсон байна.

“Караванд” Кайрат Закирьяновтой ярилцах хэд хэдэн шалтгаан байлаа.

Тухайлбал саяхан шинэ номоо Лондонд гаргажээ. Хэдхэн хоногийн өмнө түүнийг Монголчууд Чингис хааны нэрэмжит одонгоор шагнасан гэнэ.

Манай эриний өмнөөс эхлэлтэй КZ ген

  • “Чингис хааны тухай Түрэгийн домог ба KZ ген” номыг тань Лондонд хэрхэн хүлээж авав?

Номоо Британийн номын санд танилцууллаа. Эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд цугласан. Олон зочид дунд Чингис хааны тухай бэстселлэр ном бичсэн, дэлхий дахинд алдаршсан түүхч Жон Мэн ирсэн нь миний хувьд их хүндтэй явдал байлаа. Тэр “зарим зүйл дээр чамтай маргах хүн гарах байх. Гэхдээ чиний санаа үнэн байх магадлалтай” гэсэн. Миний номонд Казах хүмүүсийн агуу өвөг дээдсийн тухай бичсэн. Бодо Харенбергийн “Хүн төрөлхтний түүх” зэрэг толь бичгүүдэд манай эриний өмнөх XVIII зуунд Евразийн талаас гаралтай нүүдэлчин аймгууд Хятадад очиж анхны Инь эзэнт гүрнийг байгуулсан байдаг.

Манай эриний өмнөх IV зуунд хэсэг нүүдэлчид Тигр, Евфрат мөрний савд нүүдэллэн очиж Сүмэрийн улсыг байгуулсан гэдэг. Сүмэрийн бичээсийг судалсан Олжас Сулейменов тэдний шаантган үсэг нь Түрэгийн рүнтэй нэг гаралтайг баталсан. Мөн манай эриний өмнөх XVII зуунд одоогийн Турк улсын газар нутагт морин шүтээнтэй нүүдэлчид очин Хеттийн улсыг байгуулсан байдаг. Эндээс урган гарч ирэх асуулт нь эдгээр өндөр соёл иргэншилтэй нүүдэлчид хэн байв? Эртний Ромын болон Персийн эх сурвалжуудыг судалсны дүнд би эдгээр хүмүүс нь одоогийн Казах хүмүүсийн өвөг дээдэс гэсэн дүгнэлтэнд хүрч KZ ген, KZ постулат гэсэн философийн нэр томъёо бий болгоод байна.

  • KZ ген, KZ постулат гэсэн онолынхоо үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлаач.

Их хааны Түрэг гарлыг батлахын тулд эхлээд KZ ген байдгийг батлах , дараа нь энэ ген тэр хүний амьдарч байсан газар нутагт байгааг харуулах хэрэгтэй. Тодорхой цаг үед нүүдэлчид аль нэг газар орныг байлдан дагуулсан түүхэн баримт байвал энэ нь тэр орны бүх лидерүүд, цэргийн жанжид, улсын удирдагчид, зохиолч яруу найрагчид Түрэг гаралтай байсан гэсэн үг. Яг л галт уул дэлбэрэхтэй адил, Евразийн тал нутгаас нүүдэлчид тархан хаа сайгүй соёл иргэншлүүдийг бий болгосон байх. Энэ санаа оргүй хоосноос төрөөгүй. Ботайн соёлын олдворыг (Хойд Казахстанд) малтаж судалсан Оксфордын эрдэмтэд зэрлэг адууг анх Казахстаны газар нутаг дээр манай эриний өмнөх 4000 жилийн өмнө гаршуулсныг баталлаа. Төсөөл дөө, бүх дэлхий явган таваргаж байхад манай өвөг дээдэс анх морины нуруун дээр гарч шүү дээ! Явганаар цагт дөрөв таван км зам туулдаг бол морь унаад өдөрт 200 км туулна. Төмөр боловсруулж эхэлсэн үеийг манай эриний өмнөх VIII зуун гэж үздэг.

Тэгвэл манай өвөг дээдэс төмрийг МЭӨ 2000 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн байгаа юм. Казахстанд төмөр хайлуулж байсан анхны олдвор бий. Манай өвөг дээдэс төмөр зэвсэгтэй, морь хүлэглэсэн байж гэж төсөөлөе. Хэнийг тэдэнтэй харьцуулах вэ? Тэр үеийн Төв Азид цаг агаар зундаа нэмэх 30, өвөлдөө хасах 30 хүрдэг байсан. Ийм орчинд уламжлалт гэр бүлүүд оршин тогтнож чадахгүй, тиймээс олон эхнэр авдаг байж. Жишээ нь ах дүү тавуул байлаа гэж бодоход, тэдний нэг нь л таван эхнэр авна. Үлдсэн хэд нь яах вэ? Мэдээж морио унаад, илдээ бариад Хятад руу довтолно. Олон сурвалжаас харахад нүүдэлчид зөвхөн охид бүсгүйчүүдийг олзлон авчирч гэр бүл болдог байж. Эд баялгийн хэмжүүр нь мал байсан. Хүчтэй нэг нь хөршийнхөө малыг булаана. Харин хөрш нь хаачих вэ? Эдгээр ялагдагсад нь Хятад, Энэтхэг, Перс, Европ хүртэл явцгаана. Гэхдээ л тэд Хятадууд, Энэтхэгүүдээс хүчтэй шүү дээ.

“Мэнги Эл” хэрхэн “Монгол” болсон бэ?

  • Тэгвэл бүх дэлхий Чингис хааныг Монгол гэж боддог?

Би энэ хэвшмэл ойлголтыг эвдсэн. Бид ямар үзэл баримтлалыг зарласан бэ? “Мэнги Эл”. 1206 онд Чингис хаан тархай бутархай Жалайр, Найман, Хонгирад аймгуудыг нэгтгэн эдгээр эсгий туургатнуудыг “Мэнги Эл” буюу “мөнхийн” гэж нэрлэсэн. Тэр нэр нь цагийн уртад хувирсаар “Монгол” болсон юм. Үнэндээ ийм үг Монгол хэлэнд байхгүй. Би XVIII-аас XXI зууны хоорондох Монгол хэлийг судалж үзсэн…

Чингис хааны эхнэр хэн байсан билээ? Бөртэ, тэр Хонгирад аймгаас гаралтай. Энэ аймгийн 95 хувь нь Казахстанд амьдардаг. Багахан хэсэг нь Монгол, Хятадад бий. Энэ Казах гарал биш гэж үү? Хаан эзэн эхнэртэйгээ ямар хэлээр ярьдаг байсан болж таарах вэ? Мөн түүний өргөсөн эцэг нь Хэрэйдийн Тоорил хаан байсан. Тэр л хаан ширээнд суухад нь тусалсан. Тэгвэл Хэрэйдийн 90 хувь Казахстанд амьдарч байна. Тэр Тоорилтой ямар хэлээр харьцдаг байсан бол? Хасен Кожахметын “Зуун дамнасан төөрөгдөл” гэж гайхалтай ном бий. Энэ номонд эртний Монголын үгс дээр хэлзүйн судалгаа хийгээд эртний Монголчууд одоогийн Казах хэлээр ярьдаг байсныг баталсан байгаа.

Эртний Монголчууд одоогийн Казах хэлээр ярьдаг байсныг баталсан байгаа.

  • Монголчууд таны таамаглалтай санаа нийлж байгаа юу?

Монгол төр байгуулагдсаны 800 жилийн ойгоор алдарт тэрслүү үзэлтэй түүхч Баабарын “Монголын түүх” ном хэвлэгдэж гарсан. Би өөрийн нотолгоог энэ номноос үндэслэж гаргасан. Түүний бичсэнээр Чингис хааны үед Монголыг “40+4” гэж томъёолдог байжээ. Уг газар нутагт 40 Монгол, 4 Ойрад аймгууд оршдог байсан гэсэн үг. Чингис хаан 1218 онд 34 аймгийг нь дагуулан Казахстан болон Дундад Ази руу дайнд мордсон. Харин үлдсэн аймгууд нь засгийн эрхийн төлөө хоорондоо тэмцэлджээ. Ингээд Монголын 6 аймаг Чин улсын манж нараас тусламж гуйсан байгаа юм. Ингээд тэд “гэрээ” байгуулжээ. Сая сая Манж нар нүүдэллэн ирж тэднийг уусгасан. Одоогийн Монголчууд бол XIII зууны Тунгус угсааны Манж нар. Чингис хаан явж оронд нь нүүдэллэн ирсэн хүмүүст шударга бусаар алдар нэр нь үлдсэн юм. Би түүхийн үнэнийг сэргээхийг хүсч байна. Чингис хааны үед Монголын газар нутагт Түрэг овгууд сууж байсан.

Шинээр томилогдсон Соёлын сайд Арыстанбек Мухамедиулыд би Зүчи хааны ДНК-г тодорхойлох хүсэлт тавиад байгаа. Хаантан Улытауд нойрсож байгааг бид мэднэ. Бунхан нь Караганд мужид байгаа. Хэрвээ бид түүний ДНК-г тодруулж чадвал Чингис хааныхыг бас оллоо гэсэн үг. Ингээд бүх маргаанд цэг тавих болно. 2004 онд алдарт генетикч Спенсэр Вэллс Их хааны харъяанд байсан Азийн үндэстнүүдээс 2000 гаруй дээж авч шинжилсэн. Тэгэхэд нэг л ген олон удаа давтагдаж байсан. Мэдээж Чингис хаан олон хатантай байсан тул түүний генийг өвлөж авсан 18 сая хүн байгаа. Энэ ген Монголчууд, Хятадууд, Тувачууд, Хакасууд, Буриадуудад 1.3 хувьтай байгаа бол Казахуудад 8.5 хувьтай илэрсэн юм.

  • Юуны учир танд Чингис хааны одон гардуулав?

Одонгийн эхнийхийг Чингис хааныг анх удаа зэрлэг дайнч биш, шинэ дэг журам тогтоосон удирдагч болохыг нь бүтээлдээ харуулсан Америкийн эрдэмтэн, түүхч Жэк Резерфордод олгосон. Бидний үргэлж ярьдаг даяарчлалын эхийг анх хэн тавьсан юм бэ? Чингис хаан! Номхон далайгаас Атлантын далай хүртлэх бүх газар нутаг түүний ивээл дор байсан юм. Намайг юуны учир энэ шагналд тодорхойлсныг асуухад “Чингис хааны нэрийг цэвэрлэсэн гавъяаг тань үнэлсэн” гэсэн. Үнэхээр ЮНЕСКО энэ хүнийг мянган жилийн суут хүнээр тодруулж байхад бид яагаад хуучин ойлголттойгоо үлдэх ёстой гэж.

Гуйвуулсан түүх

  • Чингис хааны талаар өөр ил болоогүй нууц үлдсэн үү?

Миний номны нэг бүлэг бүхэлдээ их удирдагчийн нууцад зориулагдаж байгаа. Үүнд би дэлхийн бүх шашин Төв Азийн тал нутгаас үүссэнийг бичсэн. Нэрт судлаач Мэри Бойсын номонд зороастризмын гарлыг Персээс биш Волга мөрний зүүн биеэс хайх хэрэгтэй гэж бичсэн байдаг. Шашин, соёл, гүн ухаан гээд бүгд Тэнгризмээс гаралтай. Энэ бол нэг бурхантай шашин. Тиймээс нүүдэлчид очсон газар бүртээ нутгийн хүмүүсийн сэтгэлгээнд тохируулан дэлгэрүүлсэн юм. Гэхдээ Чингис хаан үүнийг хэрэглээ болгож чадаагүй гэж би боддог. Евразийн үзэл санааг үндэслэгч ван Николай Трубецкой аливаа шашин өдөр тутмын зан үйлтэй уялдаж байх ёстой гэдэг онолыг дэвшүүлсэн байдаг юм. Ингэж байж шашин хүмүүсийн мах цусанд шингэж өгдөг.

Гэвч Чингис хаан Тэнгризмийг ингэж чадаагүй. 1312 онд Алтан ордны хаан ширээнд суухын тулд Чингисийн удмын Узбек нь Арабын худалдаачдаас их хэмжээний мөнгө зээлээд эргүүлж төлж чадаагүй юм. Харин Арабууд өрний төлөөсөнд Исламын шашныг тал нутагт дэлгэрүүлэхийг тулгажээ. Тэр энэ саналыг бусад Хааны удмынхантайгаа зөвшилцөөд хүлээж аваагүй байна. Учир нь энэ нь Чингис хааны их засаг хуулийг зөрчиж байсан юм. Ингээд Чингисийн шууд удмын 112 залгамжлагч цаазлуулж Их тал нутагт Ислам дэлгэрсэн түүхтэй.

  • Дайчин, хүчтэй, түрэмгий дүрээр бид Чингис хааныг төсөөлдөг. Өнөөдрийн хүмүүсээс та энэ чанарыг харж байна уу?

Би дээр нь нэмээд ухаалаг, шударга гэж хэлмээр байна. Бид Казахууд эдгээр чанаруудаа алдаад байгаа. Гэвч спорт дээр энэ нь илэрдэг. Ялангуяа тулааны спортуудын хувьд. Бид түүхийн явцад олон улс орныг дайтаж явахдаа тарж бутарч, Их тал нутгийн уугуул сэтгэлгээгээ гээсэн байх.

  • Яагаад ийм судалгаа хийх болсноо хэлээч?

Өвөг дээдсийн ген намайг дотроос минь сэрээсэн гэж боддог. Бүгд л өөр өөрийн төрөл угсааны баатруудыг дурсацгаадаг бол харин би Чингис хааныг судалж эхэлсэн. Энэ нь хүнд үүрэг ч гэсэн, хэрвээ хойч үе нь түүнийг дурсаж, хүндэтгэж, бахархаж байвал өвөг дээдэс минь сэтгэл амар нойрсоно гэж бодсон. Миний энэ сэдвийг сонирхох болсон нь Калибек Данияровын “Казахстаны уламжлалт бус түүх” болон ”Чингис хааны түүх” номуудыг уншсанаас эхтэй.

Тэртээ 90-ээд онд би түүний бичсэнд итгээгүй. Хэн нэгний тусын тулд Казахстаны бүх түүхийг гуйвуулж л гэж бодсон. Харин дараа нь би өөрөө түүх судалж эхэлсэн, олон ч эх сурвалжуудтай танилцсан. Эхэндээ надад манай одооны Казах овгууд Чингис хааны тасархай гэдгийг хүлээж авахад хэцүү байлаа. Жалайрууд ч, Найманууд ч тэр биднийг орхиж явсан гэцгээдэг. Бусад овгууд болох адайчууд, тарактууд, тама, табынчууд бас ялгаагүй. Гэхдээ хамгийн гол нь манай ихэнх хүн ард түүнийг Казахуудын агуу өвөг дээдэс гэж таньсан явдал чухал юм.