Эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол Оросын хувьд ирэх өвөл хүнд тусахыг Зеленский анхааруулав

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр буюу Лхагва гарагт НҮБ-ын ерөнхий ассамблейн индрээс үг хэлэхдээ эрчим хүчний дэд бүтцэд харилцан довтлохоо зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол ирэх өвөл Оросын хувьд туйлын хүнд тусахыг анхааруулжээ.

“Украинчууд бидний хувьд энэ өвөл маш хүнд байж болзошгүйг ойлгож байгаа. Гэхдээ ингэхэд хүрвэл Оросын хувьд ч мөн хүнд, зовлонтой нөхцөл байдлыг бий болгохоос өөр сонголт бидэнд байхгүй байх болно” гэж тэр хэлсэн байна.

Орос улс дайны турш дайсныхаа нутаг дэвсгэрт довтлох пуужингийн асар их нөөцтэй ч Украины тал алсын тусгалын нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр Оросын агуулах, боомтын дэд бүтэц, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд нэлээд хэмжээний хохирол учруулж байгаа.

“Тийм ч учраас бид өвлөөс өмнө хурцадмал байдлыг намжаах алхмуудыг хийх шаардлагатай гэж хэлж байгаа юм” гэж Зеленский мэдэгджээ.

Лхагва гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио дайтагч талууд үр тариа, эрчим хүчний байгууламжуудыг хамруулсан хязгаарлагдмал хүрээний гал зогсоох тохиролцоонд хүрэх сонирхолтой байгаагаа илэрхийлснийг мэдээлсэн юм.

Гэвч Оросын талаас байр сууриа өөрчлөх шинж тэмдэг харагдахгүй байна.

Тухайлбал ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдэгдэлд энэ уулзалтаар тус улс “цэргийн тусгай ажиллагаа”-ныхаа зорилгод хүрэх амлалтаа ямар нэг болзолгүйгээр дахин нотолсон тухай дурджээ.

НҮБ-ын 15 гишүүнтэй аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцохдоо Лавров “Европ ямар нэг аргаар гал зогсоож, үүнийг Киевийн дэглэмийг зэвсгээр хангахад ашиглах сонирхолтой байна” гэж шүүмжилсэн юм.

Зеленский ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэхдээ улс орных нь эсрэг явуулж буй дайнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний гүйцэтгэсэн үүргийг онцолж, түүнийг “тэг өвчтөн” (анхны халдвар тээгч), “дайны санааг түгээгч гол эх үүсвэр” гэх зэргээр ёгтлон нэрлэж байв.

“Тиймээс тэг өвчтөнийг зогсоох ёстой. Түүнд үйл ажиллагаа явуулж, энэхүү бузар муухай үйлээ цааш үргэлжлүүлэх боломж олгож болохгүй” гэж тэр дэлхийн улс орнуудын төлөөлөгчдөд хандан анхааруулжээ.

Зеленский бас НҮБ-ын чуулганы үеэр зохион байгуулагдсан “Крымийн Платформ” дээд хэмжээний уулзалтад оролцогч талуудад Египет, Энэтхэг, Турк улсуудын санаачилсан Хар тэнгисийн тээвэрлэлтийн замд гал зогсоох тохиролцоонд нэгдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

“Бид Оросын хариуг хүлээж байна. Хэрвээ Орос улс хурцадмал байдлыг намжаах чиглэлд бодит алхам хийхэд бэлэн байгаа бол Украин улс Хар тэнгисийн аюулгүй байдал болон хүнсний тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангахад бэлэн байна. Бид аль нэг зүйлээс эхлэх хэрэгтэй” гэж тэр хэлжээ.

Хар тэнгисийн бүс нутгийн нийлүүлэлтээс хүнсний аюулгүй байдал нь хамааралтай Ази, Ойрх Дорнод, Африкийн улаан буудай импортлогч улсууд дээрх санаачилгад нэгдээд байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters