Г.Ууганбаатар: Түр оршин суух хаягийн бүртгэлтэй хүүхдийн сурч боловсрох эрх жил бүр хөндөгдөж байна
Жил бүрийн наймдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эхний хагаст сурч боловсрох эрх, хүүхдийн эрхтэй холбоотой санал гомдол Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-т их ирдэг байна.
Иймд ирж буй санал гомдлууд, түүний мөрөөр хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар ХЭҮК-оос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тухайлбал түр оршин суух хаягийн бүртгэлтэй хүүхдийн сурч боловсрох эрх хөндөгдөх тохиолдол жилийн жилд гарсаар байгаа юм.
ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн даргаар Г.Ууганбаатар "Хамран сургах тойргийг тогтоохдоо өөрийнх нь нэр дээр байр нь бүртгэлтэй байх гэх зэргээр хөрөнгийн мэдээлэл шаардаж байгаа нь хүүхдийг ялгаварлан гадуурхалтад өртөх эрсдэлийг бий болгож байна. Үүнээс улбаалан түр оршин суух хаягийн бүртгэлтэй бол хамран сургах тойргийнх нь сургуульд бүртгэхгүй байх, хүүхэд сургуульд завсардах эрсдэлтэй. Төрийн байгууллагууд нэн тэргүүнд хүүхдийн дээд эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлэх ёстой бөгөөд тусгай шаардлага мэт янз бүрийн бичиг баримт нэхэж байгаа нь байж болшгүй.
Сургалтын байгууллагууд хүний хувийн эмзэг мэдээллийг олон нийтэд ил тод байршуулах тохиолдол мөн гарч байна. Энэ нь хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлж, гэмт хэрэг зөрчлийн хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнд ХЭҮК байр сууриа илэрхийлж, анхааруулсан" хэмээв.
Түүнчлэн "Сургуулиудын даац хэтэрснээр нэг ангид 60-70 сурагч суух, хувийн хэвшлийн байрыг түрээслэх замаар сургалтын үйл ажиллагаа явуулах, хичээл сургалтын танхимын тоног төхөөрөмж хүрэлцээгүйгээс олон нийтийн сүлжээгээр гарч байсанчлан ахуйн хэрэглээний хуванцар сандал дээр сууж хичээллэх тохиолдол гарсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
