Дэлхийн хамгийн өндөр цалинтай төр, засгийн тэргүүн цалингаа $1 саяар өсгөхөөр болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сингапур улсын ерөнхий сайд дэлхийн төр, засгийн тэргүүнүүдээс хамгийн өндөр цалинтайд тооцогддог. Тэгвэл тэр жилийн цалингаа 1.4 сингапур доллароор ($1.1 сая) өсгөхөөр болжээ.

Сингапурын засгийн газар бүх сайд нар болон бусад өндөр албан тушаалтнуудынхаа цалинг өсгөхөөр болсныг өчигдөр зарласан юм.

Ерөнхий сайд Лоренс Вонг өөрийн нэмэгдлийг ирэх таван жилийн хугацаанд буяны үйлсэд хандивлахаа амлажээ.

Сайд нарын цалинг өсгөх нь илүү өндөр мэдлэг чадвартай хүмүүсийг ажиллуулахад зайлшгүй шаардлагатайг тэр тайлбарласан байна.

Сингапурын засгийн газар өмнө нь сайд нарын цалин өндөр байхыг авлигаас сэргийлэх ач холбогдолтой гэж тайлбарладаг байсан юм.

Гэхдээ энэ өсөлт ажлын байрны хомсдол, амьжиргааны өртгийн өсөлтөд нэрвэгдэж буй Сингапурын иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулж байна.

Цалин нэмэхээсээ өмнө ч Вонг дэлхийн хамгийн өндөр цалинтай удирдагч байсан юм.

Тэрбээр одоогоор жилийн 2.2 сая сингапур долларын цалин авдаг бөгөөд 60 хувийн өсөлтийг тооцвол 3.6 сая сингапур долларын ($2.8 сая) цалин авдаг болно.

Түүний дараа Хонконгийн захирагч Жон Ли $719,000 орчим, Швейцарын ерөнхийлөгч Гай Пармелин $606,000 орчим цалингаар удаалдаг.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп жилд $400,000, Их Британийн ерөнхий сайд Энди Бёрнхэм жилд $230,000-ын цалин авдаг юм.

Лоренс Вонг сайд нарын цалингийн өсөлт ард иргэдийнх нь дунджаас нэлээд өндөр байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Тус улсын иргэдийн сарын цалингийн голч 5,775 сингапур доллар байдаг.

Гэхдээ Вонг чадварлаг бизнесмэнүүд, төрийн албан хаагчдыг улс төрийн албан тушаалд ажиллуулахад хүндрэлтэй тулгарч байгааг тайлбарлажээ.

“Ерөнхийдөө энэ нь надад болон ирээдүйн ерөнхий сайд нарт чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлэх илүү сайн боломж олгоно гэж би бодож байна” гэж тэр хэлсэн юм.

Одоогоор Сингапурын сайд нарын суурь цалингийн хэмжээ ойролцоогоор 1.1 сая сингапур доллар байгаа бол өсөлтийн дараа 1.2 сая болох юм байна.

Гэхдээ үр дүнгийн гүйцэтгэлд суурилсан урамшуулалтайгаа 1.35 саяд хүрэхийг Вонг тайлбарлажээ.

Сингапур улсыг тусгаар тогтносноос нь хойш Ардын Үйл Хэрэг нам засгийн эрхийг дангаар барьж байгаа.

2011 оны сонгуулиар тус нам түүхэндээ байгаагүй бага санал авсан нэг шалтгаан нь сайд нарын цалин хөлстэй холбоотой шүүмжлэл байсан юм. Дараа жил нь засгийн газар сайд нарынхаа цалинг танаж байжээ.

Сайд нарын өндөр цалин авлигын эрсдэлийг бууруулахад ач холбогдолтойг эрх баригчид олон жилийн турш тайлбарласаар ирсэн.

Үүний баталгаа нь Транспаренси Интернэйшнл байгууллагын жил тутмын тайланд тус улс хамгийн бага авлигатай дэлхийн улсуудын нэгээр байнга нэрлэгддэг юм.

 

Эх сурвалж: BBC