Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд санхүү, нийцлийн аудит эхлүүллээ.
Аудитын нээлтийг өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 8-ны өдөр Тусгай чиг үүргийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Д.Баярсайхан хийж, шалгагдагч байгууллагуудын төлөөлөлд аудитын зорилго, хамрах хүрээ, төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулав.
Тус аудитаар COP17 бага хурлыг зохион байгуулахад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр, төлөвлөлт, төсөвт тусгасан байдал, төсвийн хөрөнгийн зарцуулалт хууль тогтоомжид нийцсэн эсэх, мөн санхүүжилт, зарцуулалтын үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгөх юм.
Аудитад COP17-г зохион байгуулах Үндэсний хороо, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллагыг хамруулахаар төлөвлөж байна. Аудитын хүрээнд 2023-2026 онд дээрх байгууллагуудаас гаргасан шийдвэр, бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн анхан шатны баримт, худалдан авах ажиллагааны гэрээ болон бусад холбогдох баримт материалыг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлэлт өгнө.
Аудитын нээлтийн үеэр шалгагдагч болон хамрагдагч байгууллагуудын төлөөлөлд аудитын үйл ажиллагаанд шаардлагатай баримт, мэдээллийг үнэн зөв, бүрэн гаргаж өгөх, аудитын багтай хамтран ажиллахыг онцлон дурдлаа.
Эх сурвалж: Үндэсний Аудитын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
