PISA: Давуу боломжтой сурагчийн гүйцэтгэл ерөнхийдөө өөрчлөгдөөгүй бол боломжгүй сурагчийнх ахисан байна
"PISA 2025" сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол улс хоёр дахь удаагаа хамрагдсан. Үнэлгээний тайланг Франц улсын нийслэл Парис хотоос дэлхий даяар нэгэн зэрэг албан ёсоор зарлаж байна.
Энэ үеэр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Боловсрол, ур чадварын салбарын Захирал Андрес манай улсын ерөнхий амжилтын талаар тоймлосныг хүргэж байна.
Тэрбээр "2022-2025 оны хооронд дэлхийн ихэнх сурагчдын унших чадвар, математикийн гүйцэтгэл буурсан бол монгол сурагчдынх тогтвортой хадгалагдсан байна. Мөн монгол сурагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 2022 оныхоос дээшилсэн байна.
Суралцагч бүр PISA үнэлгээний суурь түвшин буюу 2-р түвшинд хүрч чадвал Монгол Улсад 177 тэрбум ам.доллароос давсан эдийн засгийн өгөөжийг бий болгох боломжтой
Стэнфордын их сургуулийн судлаачдын тооцоолсноор хэрэв монгол суралцагч бүр PISA үнэлгээний суурь түвшин буюу 2-р түвшинд хүрч чадвал энэ нь Монгол Улсын хувьд өндөр зорилт хэдий ч өнөөгийн сурагчдын ирээдүйд ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд Монгол Улсад 177 тэрбум ам.доллароос давсан эдийн засгийн өгөөжийг бий болгох боломжтой юм.
177 тэрбум ам.доллар газрын хэвлийгээс бий болохгүй энэ бол монгол сурагчдын эзэмшиж буй чадвараас, багш нар тэд нарыг ямар хүн болгон төлөвшүүлж байгаагаас бий болох үнэ цэнэ юм. Залуу үе сургуулиа төгсөхдөө гэрчилгээ, дипломоос гадна орчин үеийн эдийн засаг нийгэмд бүрэн дүүрэн оролцох мэдлэг чадвар, өөртөө итгэх итгэлтэй болсон цагт ийм боломж бодитоор бүрдэх учиртай.
Монголын 10 суралцагч тутмын 7 нь багш нар нь суралцах үйл явцад нь чин сэтгэлээсээ анхаарч шаардлагатай нэмэлт дэмжлэг үзүүлдэг гэж хариулсан байна.
PISA-н үр дүнгээс харахад монголын олон сурагч өргөн хүрээний сэдвийг сонирхдог сониуч зан чанартай бөгөөд хичээл зүтгэл гаргавал өөрийн чадвараа хөгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг аж.
Тэд суралцах үйл явцдаа эзэн болж өөртөө зорилго тавин суралцах замналаа өөрсдийн идэвх чармайлтаар бүтээж байна. Эдгээр нь ирээдүйн амжилтыг бүтээх чухал чанар юм.
Монгол Улсын үзүүлсэн ахиц дэвшил нь дэлхийн олон улсад хүүхэд ямар сургуульд суралцах нь түүний гэр бүлийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарсан хэвээр байна. Харин монгол улсад үүнээс өөр дүр зургийг харж болно. 2022-2025 оны хооронд монгол улсын нийгэм эдийн засгийн харьцангуй хязгаарлагдмал нөхцөлд суралцдаг суралцагчдын гүйцэтгэл ахисан бол давуу боломжтой сурагчийнх ерөнхийдөө өөрчлөгдөөгүй байна.
Боловсролын салбарын тэгш бус байдлыг бууруулах нь монгол улсын боловсролын салбарын чухал зорилтын нэг байсаар ирсэн бөгөөд энэ чиглэлд бодит ахиц гарсныг дээрх үр дүн харуулж байна.
PISA-н үр дүнгээс харахад Монгол Улсад сургуулиуд хоорондын нийгмийн ялгарал бусад улсуудтай харьцуулахад харьцангуй бага байна. Мөн нийгэм эдийн засгийн боломж харьцангуй хязгаарлагдмал орчинд үйл ажиллагаа явуулдаг сургуулиуд боловсролын хүний нөөцийн хомстолт төдийлөн өртөөгүй байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
