Ч.Сосорбарам: Гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж байгаа нь санхүүгийн данс алдагдалтай гарахад нөлөөллөө
Банкны салбарын 2026 оны эхний хагас жилийн тойм мэдээллийг Монголын Банкны Холбоо(МБХ)-ноос өнөөдөр танилцууллаа.
2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэсээ 25 хувь өсөж, 28.2 их наяд төгрөг болжээ.
МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амар "Иргэд хугацаагүй хадгаламжид мөнгөө байршуулах нь нэмэгдсэн. Валютын хадгаламж буурч, төгрөгт итгэх итгэл сайжирсан. Үүнд төгрөгийн бодит өгөөж эерэг байсан нь нөлөөллөө. Гэхдээ цаашид инфляц энэ хэвээрээ өсвөл хадгаламжийн бодит өгөөж буурах, магадгүй сөрөг болох эрсдэл бий. Энэ тохиолдолд долларжих үзэгдэл гарах эрсдэл байгааг төр засгийн зүгээс анхаарч долларын харилцах хадгаламжийг хадгаламжийн даатгалаас чөлөөлөх арга хэмжээ авч, эдийн засаг долларжих үзэгдлээс сэргийлэх хэрэгтэй" гэлээ.
Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар МБХ-ны Ахлах эдийн засагч Ч.Сосорбарам "Монгол Улсын эдийн засаг 2026 оны хоёрдугаар улиралд 7.7 хувь өслөө. Энэ өсөлтийн 3.9 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн. Мөн уул уурхайг дагаад тээвэр ложистикийн салбар өсөв. Хөдөө аж ахуйн салбарын тухайд найман улирлын дараагаас сэргэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжлээ.
2026 оны хоёрдугаар улиралд экспорт 58 хувь нэмэгдэхэд нүүрс, зэс, хөдөө аж ахуйн боловсруулсан дайвар бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөллөө. Харин импортын тухайд нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас 11 хувь нэмэгдлээ. Дурдсан хугацаанд гадаад худалдаа 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан.
Төсөв энэ оны хоёрдугаар улиралд 2.1 их наяд төгрөг буюу "КОВИД-19"-ийн үеийн алдагдалтай тэнцэж ирлээ. Төсвийн татварын орлого өмнөх жилийн мөн үеэс 10 хувиар нэмэгдсэн. Харин урсгал болон хөрөнгийн зардал 20 хувиар нэмэгдсэн нь төсвийн зарлага өсөхөд гол нөлөөг үзүүлж, тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа" гэж танилцуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
