"Хадлангийн улирал эхэлсэнтэй холбогдуулан орон нутаг руу бензиний хангалтыг сайжруулах хүрээнд ажиллаж байна"

П.Сайнжаргал, IKON.MN
12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахууны шуурхай штабаас ээлжит хэвлэлийн хурлыг зохион байгуулж, автобензиний нөөцийг танилцууллаа. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 160 Шатахуун Түгээх Станц (ШТС)-руу 2,000 тонн АИ-92 төрлийн бүтээгдэхүүн, орон нутгийн 84 ШТС-руу 1,038 тонн автобензинийг түгээсэн байна.

Энэ талаар Аж Үйлдвэр Эрдэс Баялгийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Хөдөө орон нутгийн хангалтыг сайжруулах хүрээнд ажиллаж байгаа.

Өнөөдрийн байдлаар 12 суманд газрын тосны бүтээгдэхүүн тэр дундаа автобензин хомсдолтой байна гэх мэдээллийн дагуу өнөөдөр 12 сум руу ачилтыг гаргана. 

Улсын хэмжээнд орон нутгийн нөөцийг хэвийн болгох зайлшгүй шаардлагатай. Хадлангийн улирал эхэлсэнтэй холбогдолтой улсын хэмжээнд орон нутгийн бензиний нөөцийг хэвийн болгох зорилготой ажиллаж байна" гэлээ. 

"Эрээнцав боомтоор 17 вагон цистерн буюу 780 тонн бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа"

Үргэлжлүүлэн "Эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд ОХУ, БНХАУ, БНСУ болон холбогдох улсаас бүтээгдэхүүн авах яриа хэлцлүүдийг хийж байна.

Мөн боомтуудыг өргөтгөн шинэчлэх, аюултай ачаа тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх ажлыг хийж хэрэгжүүлж байгаа.

Замын-Үүдэд гурван байгууламжийн бэлэн байдлыг хангасан. Үүгээр дамжуулан сард 150,000 тонн бүтээгдэхүүн авах боломжтой болсон. Мөн онгоцны түлшийг Замын-Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид технологийн өөрчлөлт хийж урдаас бүтээгдэхүүнийг 100 хувь хангах боломжийг бүрдүүлээд байна.

Замын-Үүдээр өнөөдөр 2,000 тонн автобензин орж ирсэн. Мөн Эрээнцав боомтоор 17 вагон цистерн буюу 780 тонн бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа. Ингэснээр зүүн бүс нутаг руу бүтээгдэхүүнийг богино хугацаанд нийлүүлэх ач холбогдолтой. Харин баруун бүсийн түгээлтийг Улаанбаатар хотоос хийж байна" хэмээн хэллээ.