ТТГ-ын дарга НАТО-д халдахгүй байхыг анхааруулж, Иранд туслахаа зогсоохыг шаардах зорилгоор Москвад айлчилсан гэв
АНУ-ын Тагнуулын Төв Газрын (CIA) дарга Мягмар гарагт Москвад урьдчилан зарлалгүйгээр айлчлаад буцсан билээ.
Талууд энэ үеэр юу ярилцсан, хэн хэн уулзсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа.
Тэгвэл уг асуудалд ойр ажилладаг албаны хоёр эх сурвалж Жон Рэтклифф айлчлалынхаа үеэр НАТО-гийн гишүүн орны нутаг дэвсгэрт халдлага үйлдэхгүй байхыг анхааруулж, Иранд эдийн засаг, цэргийн дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг Оросын эрх баригчдаас шаардсан тухай мэдээлжээ.
Украинд явуулж буй дайн нь мухардсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин аль нэг хил залгаа НАТО-гийн гишүүн улсад хязгаарлагдмал хүрээнд довтолж, НАТО-гийн шийдэмгий байдлыг туршиж магадгүй гэж АНУ, Европын эрх баригчид болгоомжилж байгаа. Бас Трампын засаг захиргаа Ираны эсрэг эдийн засгийн томоохон хориг арга хэмжээ авахаар бэлдэж байгаа билээ.
Рэтклиффийн айлчлал нь Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудын Москвад хийсэн ховор айлчлалуудын нэг болж байна.
Түүний өмнөх ТТГ-ын дарга Уилльям Бёрнс 2021 онд Москвад айлчилснаас хойш гурван сарын дараа Украины эсрэг эзлэн түрэмгийлэх дайн эхэлж байв.
Пүрэв гарагт Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа НАТО-гийн гишүүн улсад Орос улс халдах боломжийг няцааж, Рэтклиффийн айлчлалын үеэр Путинд анхааруулга өгсөн эсэхийг хэлэхээс татгалзжээ.
“Би түүнтэй (Путин) ярилцсан. Тэр НАТО-гийн нутаг дэвсгэрт халдахгүй” гэж Трамп CNN сувгийн Кристен Холмстой ярихдаа хэлсэн байна.
Рэтклиффийн анхааруулгын талаар тэр “Би энэ тал дээр тайлбар өгөхгүй. Гэхдээ тэд халдахгүй” гэж хэлжээ.
Путин хурцадмал байдал үүсгэх зорилготой халдлагаа Балтийн тэнгисийн Эстони, Латви, Литва улсууд, эсвэл Польш улсын эсрэг явуулж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Сүүлийн жилүүдэд Оросын нисгэгчгүй онгоц, пуужин НАТО-гийн гишүүн орны агаарын хилд нэвтэрсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн.
Бас энэ сарын эхээр Германы нисэх буудалд илэрсэн тэсрэх бөмбөгтэй нисгэгчгүй онгоцыг Оросын тагнуулын албатай холбоотой гэх дүгнэлт гарсан.
Трампын хувьд НАТО-той харилцаа сайнгүй, Ираны эсрэг дайнд нь оролцоогүйд бухимдалтай байгаа.
Гэхдээ тэр өнгөрсөн сард Туркийн нийслэл Анкарад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр бусад гишүүн орнуудтай тун эв найртай байж, ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй найрсаг харилцаагаа хадгалж чадсан билээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

