УИХ-ын даргыг өнөөдөр чөлөөлнө
Аль нэг улс төрийн намын дарга парламентыг даргалах ёсгүй гэдэг Ардчилсан намын шаардлагын дагуу УИХ-ын дарга Н.Учрал чөлөөлөгдөхөөр болоод буй.
Түүнийг чөлөөлөх асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор 09:00 цагт хэлэлцэхээр товложээ.
Үргэлжлүүлэн 10:00 цагт товлогдсон чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийдэх юм байна.
Харин дараагийн даргыг томилох тухайд, УИХ-ын даргыг олонхын бүлгээс сонгодог. Тиймээс парламентын спикер хэн байх вэ гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэх шийдэх нь зүйтэй гэдэг байр суурийг зарим гишүүн илэрхийлж байсан. Гэвч МАН-ын хувьд асуудлыг дан ганц бүлгээр бус намын удирдлагуудын түвшинд ярилцан тохирч шийддэг. Үүнээс гадна нам доторх хагарлаас шалтгаалан талуудын тохиролцоонд тулгуурлаж томилгооны асуудлыг хэлэлцэх нөхцөл байдал үүсээд буй. Тиймээс аль аль талын эрх ашигт нийцэх УИХ-ын гишүүнийг хууль тогтоох дээд байгууллагын даргаар сонгох шаардлага байгаа юм.
Н.Учралын орыг залгах өрсөлдөөнд С.Амарсайхан, С.Бямбацогт нар ширүүхэн өрсөлдөж байгаа гэх мэдээлэл бий.
Өчигдөр хуралдсан МАН-ын Бага хурлаас намын дарга Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
