Монголын парламентын дундаж гишүүн Өмнөд Солонгосын төрийн дундаж өндөр албан тушаалтнаас баян байна
Өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын засгийн газрын Ёс Зүйн Хороо тус улсын төрийн өндөр албан тушаал хашдаг 1,903 хүний хөрөнгийн мэдээллийг нийтэлжээ.
2024 оны сүүлийн байдлаар тэдний дундаж хөрөнгийн хэмжээ 2.09 тэрбум вон ($1.3 сая) байсан нь өмнөх жилээсээ 30 сая воноор өссөн үзүүлэлт болсон байна.
Төрийн өндөр албан тушаалтнуудын 616 буюу 32.4 хувь нь хоёр тэрбум воноос дээш, 538 нь нэгээс хоёр тэрбум, 374 нь 500 саяас нэг тэрбум, үлдсэн нь 500 сая вон хүртэл хэмжээний хөрөнгө мэдүүлжээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн 4.97 тэрбум воны хөрөнгө мэдүүлсэн нь өмнөх жилээсээ 1.88 тэрбумаар өссөн үзүүлэлт болсон байна.
Уг өсөлтийн ихэнхийг бичсэн номынх нь орлого, цалин хангамж, хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдаж буй үнэт цаасны бодит бус ашиг бүрдүүлжээ.
Засгийн газрын сайд нарыг Жижиг дунд болон Гарааны бизнесийн сайд, Naver онлайн порталын гүйцэтгэх захирал асан Хан Сон Сүк 22.3 тэрбум воны хөрөнгөөр тэргүүлсэн байна.
Харьцуулбал Монгол улсын парламентын гишүүдийн дундаж хөрөнгийн хэмжээ хамгийн сүүлийн байдлаар 4.9 тэрбум төгрөг ($1.38 сая) байжээ.
Энэ нь Өмнөд Солонгосын төрийн өндөр албан тушаалтнуудын дундаж болох $1.3 саяас өндөр байгаа юм. Монголын парламентын гишүүдийн хөрөнгийн дундаж хэмжээ нэг жилийн дотор 700 орчим сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нийт хөрөнгийн хэмжээ сүүлийн байдлаар 1.4 тэрбум төгрөг байжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
