Швейцар улсын нийгэм цагаачлалын бодлого дээр хуваагдмал байр суурьтай байгаа тул баруун жигүүрийн намын санаачилсан хүн амын тоог 10 сая дээр хязгаарлах саналаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулахаар болжээ.
Швейцарын Ардын Намын дэвшүүлсэн уг саналаар бол тус улсын одоогийн 9.1 сая хүн амын өсөлтийг 10 сая дээр хязгаарлах зорилготой юм.
Хэрвээ зургаадугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах санал хураалтаар дэмжигдвэл хүн амын тоог 9.5 саяд хүрсний дараа засгийн газар гадаадын иргэдээс цагаачлах хүсэлт хүлээж авахгүй болох юм байна.
Бас хүн амын тоо 10 сая хүрвэл Швейцар улс өөрийн хамгийн том худалдааны түнш Европын Холбоотой байгуулсан чөлөөт шилжилт хөдөлгөөний гэрээгээ цуцлах гэнэ.
Швейцар өөрөө Европын Холбооны гишүүн бус бөгөөд хоёр тал 120 гаруй гэрээгээр хоорондын хүн амын шилжилт хөдөлгөөн, худалдааг зохицуулдаг юм.
1999 оноос хойш болсон бүх сонгуульд тэргүүлж байгаа Швейцарын Ардын Нам хүн амын хэт өсөлт нийтийн үйлчилгээ, дэд бүтцэд дарамт учруулж, орон байрны түрээсийн үнийг өсгөж байгаа гэж үздэг.
Одоогоор тус нам нь Швейцарын Холбооны Зөвлөлд суудалтай намуудаас хүн амын хязгаарлалтыг дэмжиж буй цорын ганц улс төрийн хүчин юм.
Тиймээс тэд санаачилгаа олон нийтээр дэмжүүлэх шаардлагатай байгаа.
Швейцарын хуулиар 18 сарын хугацаанд 100,000-аас дээш сонгогчийн гарын үсэг цуглуулж чадсан санаачилга бүрийг бүх нийтийн санал асуулгаар шийддэг.
Өнгөрсөн онд Leewas судалгааны байгууллагын явуулсан санал асуулгаар Швейцарын олон нийтийн дийлэнх хэсэг хүн амыг хязгаарлах төлөвлөгөөг дэмжиж байгаа нь харагдсан байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!