Уншиж байна ...

МИЛАН КОРТИНА 2026: Австрийн Бенжамин Карл өвлийн олимпын ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн хамгийн ахмад тамирчин болов

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 39 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Италид болж буй өвлийн олимпын сноубордын төрөлд Австрийн Бенжамин Карл 40 насандаа түрүүллээ.

Ингэснээр сноубордын төрөлд тав дахь удаагаа олимпод оролцож буй австри эр дөрөв дэх олимпын медалиа гардав. Түүнчлэн ганцаарчилсан төрөлд цагаан олимпоос алт авч буй хамгийн ахмад тамирчин боллоо. Түүнээс өмнө Норвегийн алдарт биатлонч Оле Бьорндален 40 нас, 12 хоногтойдоо 2014 оны Сочигийн олимпод түрүүлж байсан бол Бенжамин 40 нас, 115 хоногтойдоо түүний амжилтыг эвдэв.

Гэхдээ өвлийн олимпын түүхэнд хамгийн ахмад олимпын аварга бол Шотландын кёрлингийн тамирчин Робин Уэлш юм. Тэрбээр 54 нас, 102 хоногтойдоо олимпоос багийн төрлөөр алт авсан түүхтэй.

Түүнчлэн Б.Карл сноубордын төрлөөр олимпоос алт авсан хамгийн ахмад тамирчин болсон байна. Үүнээс өмнө 40 нас, 57 хоногтойдоо Бээжингийн олимпын холимог хос төрөлд түрүүлсэн АНУ-ын Ник Баумгартнер уг рекордыг эзэмшиж байв.

Б.Карл сноубордын төрлөөр олимпоос дөрвөн медальтан болсон. Тэрбээр 2010 онд мөнгө, 2014 онд хүрэл, 2022 онд алтан медаль зүүж байжээ.

Ийнхүү тэр өмнө нь сноубордын төрлөөр гурван медаль хүртсэн өөр 10 тамирчны адил рекорд эзэмшиж байсан бол түүхэнд анх удаа дөрвөн олимпоос медаль зүүсэн тамирчин болов.

Сонирхуулахад Б.Карл өнгөрсөн арванхоёрдугаар сард өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ улирлын дараа их спортоо орхихоо мэдэгдсэн билээ.  

 

Эх сурвалж: Reuters