Уншиж байна ...

Иран улс эмэгтэйчүүдэд мотоцикл унахыг албан ёсоор зөвшөөрлөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Эмэгтэйчүүд мотоцикл унах албан ёсны үнэмлэх авах боломжтой болсныг Ираны хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

Хэдийгээр албан ёсны хориг байхгүй ч олон жилийн турш тус улсын эрх баригчид эмэгтэйчүүдэд энэ эрхийг олгохоос татгалзсаар ирсэн юм.

Ийм тодорхойгүй байдлын улмаас замын хөдөлгөөний ослын үеэр эмэгтэйчүүд хохирогч болсон ч шийтгүүлдэг байв.

Ираны тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Реза Ареф замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд Мягмар гарагт гарын үсэг зурсан тухай Ilna агентлаг өчигдөр мэдээлжээ.

Уг дүрмийг өнгөрсөн сарын сүүлээр Ираны засгийн газар баталсан юм байна.

Шинэчилсэн дүрэмд “хүсэлт гаргасан эмэгтэйчүүдийг дадлага сургалтад хамруулах, цагдаагийн шууд хяналт дор шалгалтад оруулах, үүн дээр үндэслэн мотоциклийн жолооны үнэмлэх олгох” талаар заасныг дээрх мэдээнд дурджээ.

Иран даяар өрнөсөн засгийн газрын эсрэг иргэдийн томоохон тэмцлийн дараа уг арга хэмжээг авч байна.

Тегераны эрх баригчид уг тэмцлийн үеэр 3,000 гаруй хүн амиа алдсаны ихэнх нь аюулаас хамгаалах албаныхан, хөндлөнгийн ажиглагчид байсан гэж мэдээлдэг.

1979 оны Исламын хувьсгалаас хойш Иран улсад эмэгтэйчүүд олон төрлийн эрхээ хязгаарлуулах болсон.

Эмэгтэйчүүд олон нийтийн газарт үсээ алчуураар нууж, даруу, сул чөлөөтэй хувцас өмсөх ёстой болдог. Энэ нь тэднийг хоёр дугуйт тээврийн хэрэгслээр зорчиход саад болдог байсан. Гэвч сүүлийн жилүүдэд олон хүн дээрх хувцаслалтын дүрмийг зөрчиж, мотоцикл унасан эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдсэн байна.

2022 онд зохисгүй хувцасласан шалтгаанаар саатуулагдаж байхдаа Махса Амини хэмээх залуу эмэгтэй амиа алдсаны улмаас дэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөний дараа энэ үзэгдэл улам эрчимжсэн юм.

 

Эх сурвалж: AFP