Ливи улсын дарангуйлагч агсан Муаммар Каддафийн хүү Сайф аль-Ислам Каддафи буудуулж алагдсан тухай эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.
Нэг үе эцгийнхээ залгамжлагч болох ирээдүйтэй гэгдэж байсан 53 настай Сайф алагдсаныг түүний улс төрийн багийнхан баталсан талаар Ливийн Мэдээний Агентлаг мэдээлсэн байна.
Тухайлбал Зинтан хот дахь түүний гэрт зэвсэглэсэн дөрвөн этгээд халдсан бөгөөд тэдний ард хэн байсныг тогтоож чадаагүйгээ өмгөөлөгч нь ярьжээ.
Сайфын эгч түүнийг Алжирийн хилийн ойролцоо алагдсан тухай Ливийн телевизээр ярьсан нь дээрх мэдээлэлтэй зөрчилдөж байна.
1969 оноос 2011 он хүртэл Ливийг удирдсан Муаммар Каддафи эцэст нь босогчдын гарт алагдаж байв. Түүний засаглалын жилүүдэд Сайф эцгийнхээ дараа орох тус улсын хамгийн нөлөө бүхий, харгис хэрцгий хүнд тооцогддог байжээ.
1972 онд төрсөн тэрбээр 2000 оноос хойш Каддафийн дэглэмийг унах хүртэл Ливийг Өрнөдтэй холбодог гол хүн байсан юм.
Каддафийг унасны дараа тэр өрсөлдөгч зэвсэгт бүлэглэлийнхэндээ баригдаж, Зинтан хотын шоронд бараг зургаан жил хоригдсон байна.
Олон Улсын Эрүүгийн Шүүх түүнийг 2011 оны Ливийн иргэдийн бослого тэмцлийг хүчээр дарахад гүйцэтгэсэн үүргийнх нь төлөө шийтгэхээр эрэн сурвалжилж байжээ.
Ижил шалтгаанаар 2015 онд Ливийн шүүх түүнд эчнээ цаазын ял оноож байв.
Сайфын дипломат хичээл зүтгэлийн үр дүнд Каддафи цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрөөсөө татгалзаж, Ливи улс Өрнөдийн хориг арга хэмжээнээс чөлөөлөгдөж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!