Уншиж байна ...

Олимпын тамирчнаас хар тамхины картелын босс болсон этгээдийг олон жил эрэн сурвалжилсны эцэст Мексикээс баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Канадын олимпын сноубордын тамирчин асан, хар тамхины томоохон гэмт хэрэгтэн Райан Веддингийг олон жил эрэн сурвалжилсны эцэст Мексик улсаас баривчилж, АНУ-д шилжүүлж өгснийг Холбооны Мөрдөх Товчооны захирал Кэш Пател өчигдөр мэдэгджээ.

Веддинг нь Холбооны Мөрдөх Товчооны эрэн сурвалжилж буй хамгийн том 10 гэмт хэрэгтний жагсаалтад байсан юм.

44 настай түүнийг хил дамнасан олон тонн кокаины наймаа болон хүн амины хэрэгт буруутгаж байгаа.

Түүнийг Мексикийн Синалоа хар тамхины картелын хамгаалалт дор Мексик улсад тансаг нөхцөлд амьдарч байгаа гэж АНУ-ын албаныхан үздэг байв.

Веддингийг баривчлах ажиллагаанд Канад улсын холбооны цагдаагийн газар бас оролцжээ. Даваа гарагт Веддингийн шүүхийн эхний сонсгол болох төлөвтэй байна.

Түүний удирдсан бүлэглэл Умард Америк, Латин Америк, Карибын орнуудад ажиллаж, жилд 60 орчим тонн кокаин импортлох үйл ажиллагаа явуулж байсан гэнэ.

Энэ нь ойролцоогоор жилд $1 тэрбумын орлоготой наймаа юм.

Веддинг бас гэрчийн амь насыг хөнөөсөн, айлган сүрдүүлсэн, мөнгө угаасан зэрэг хэргүүдэд буруутгагдаж байна.

зураг
 

Холбооны Мөрдөх Товчоо өмнө нь түүнийг баривчлахад тусалбал $15 саяын шагнал өгөхөө амлаж байсан юм. Энэ мөнгийг хэн нэгэн авахаар болсон эсэхийг асуухад Пател хариулахаас татгалзжээ.

Ямартай ч түүнийг баривчлах ажиллагаа Пүрэв гарагийн шөнө Мехико хотод зохион байгуулагдсан юм байна.

Пател хэвлэлийн хурлынхаа үеэр Веддингийг “орчин үеийн Пабло Эскобар” гэж Колумбын алдарт хар тамхины наймаачин агсантай жишсэн юм.

АНУ-ын албаныхан өмнө нь бас түүнийг Мексикийн картелын босс Эль Чапо хочит Хоакин Гузмантай зүйрлэж байв.

Веддингийг баривчлах ажиллагаанд туслалцаа үзүүлсэн Канад, Мексикийн эрх баригчдад Пател талархал илэрхийлжээ.

Веддинг нь “El Jefe”, “Giant”, “Public Enemy”, “James Conrad King”, “Jesse King” зэрэг хоч нэрүүдийг хэрэглэж байсныг Холбооны Мөрдөх Товчоо мэдээлсэн байна.

Тэрбээр бас оргож явахдаа нүүрэндээ пластик мэс засал хийлгэж байжээ.

Веддинг кокаин зарсан хэргээр АНУ-ын Холбооны шоронд хоригдож байгаад 2011 онд суллагдсаныхаа дараа өөрийн бүлгийн үйл ажиллагааг эхлүүлсэн гэдэг.

Мөрдөгчид түүнийг дэлхийн олон оронд болсон хэд хэдэн аллагыг захиалсан гэж сэжиглэж байна.

Арванхоёрдугаар сард Мексикийн эрх баригчид Веддингийн эзэмшдэг $40 саяын үнэтэй уралдааны мотоциклыг олзолсноо мэдээлж байлаа.

Мөн үүнтэй хамт өндөр үнэтэй уран зургууд, урлагийн бүтээлүүд, хар тамхи, олимпын хоёр алтан медаль олзолсон байна. Гэхдээ эдгээр медалиуд хэнийх болох нь тодорхойгүй байгаа.

Веддинг өөрөө 2002 оны Солт Лэйкийн өвлийн олимпын наадамд Канадын нэрийн өмнөөс оролцож байсан ч ямар нэг медаль зүүгээгүй, оролцсон төрөлдөө 24 дүгээр байр эзэлж байжээ.

Арваннэгдүгээр сард Холбооны Мөрдөх Товчоо түүний эзэмшдэг 2002 оны Mercedes CLK-GTR автомашиныг олзолсон юм. Ховорт тооцогддог энэ загвар $13 саяар үнэлэгдэж байжээ.

 

Эх сурвалж: BBC