Уншиж байна ...

Амазоны боссын Blue Origin компани Старлинктэй өрсөлдөх олон мянган хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөгөө зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Амазоны үүсгэн байгуулагч Жэфф Безосын Blue Origin компани өчигдөр сансрын өндөр хурдны интернэтийн зах зээлд хөл тавьж, 5,408 хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байрлуулах төлөвлөгөөг зарлажээ.

Одоогоор энэ зах зээлд тэрбумтан Илон Маскийн тэргүүлдэг SpaceX компанийн Старлинк үйлчилгээ ноёлж байгаа юм.

Хиймэл дагуулуудыг 2027 оны сүүлийн улиралд тойрог замд байрлуулах бөгөөд уг сүлжээнд холбогдвол “дэлхийн хаанаас ч 6 Tbps хүртэл хурдаар холбогддог байна” гэж Blue Origin мэдээлжээ.

Ийм өндөр хурдыг хиймэл дагуул хоорондын оптик холболтоор бий болгож чадах бөгөөд энгийн хэрэглэгчийн стандартаар бол хэтийдсэн өндөр үзүүлэлт юм байна.

Тиймээс их хэмжээний өгөгдөл боловсруулах болон засгийн газрын дэмжлэгтэй томоохон төслүүдэд чухал хэрэглээ болох бололтой.

Blue Origin энэ сүлжээндээ дээд тал нь 100,000 орчим хэрэглэгч холбох төлөвлөгөөтэй байгааг мэдээлжээ.

“ТеrraаWave үйлчилгээний ялгаа нь энтерпрайз хэрэглэгчдэд зориулагдсан юм” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Дэйв Лимп хэлсэн байна.

Өнөөдөр асар их эрчим хүч шаарддаг хиймэл оюуны дата төвүүдийг сансарт байрлуулах асуудал ид яригдаж байгаа.

Тиймээс Blue Origin компанийн төлөвлөгөө мэдээллийн технологийн аварга компаниудын анхаарлыг татаж байна.

Энэ нь Безосын төлөвлөж буй хоёр дахь сансрын интернэтийн төсөл юм.

Тэрбээр хуучин Project Kuiper гэж нэрлэж байсан, одоо Leo гэж нэрлэх болсон энгийн хэрэглэгчид, жижиг, дунд бизнесийн байгууллагуудад зориулсан 3,200 хиймэл дагуултай үйлчилгээ  нэвтрүүлэхээр эхний шатандаа ажиллаж байгаа.

Амазоны Leo төсөл одоогоор 180 хиймэл дагуулыг тойрог замд байрлуулжээ.

Түүний өрсөлдөгч Илон Маскийн Старлинк одоогоор дэлхийн нам өндрийн тойрог замд 10,000 орчим хиймэл дагуултай болж, дэлхийн 140 улсад зургаан сая гаруй хэрэглэгчтэй болоод байна.

SpaceX бас сансарт дата төв байгуулахаар төлөвлөж эхэлсэн.

Безос ийм дата төвүүд ирэх 10-20 жилийн дотор түгээмэл хэрэглээ болно гэж үзэж байгаагаа саяхан илэрхийлж байв.

Хятад улсын хэд хэдэн компани бас сансрын интернэтийн салбарт идэвхтэй ажиллаж эхлээд байгаа.

 

Эх сурвалж: Reuters