Уншиж байна ...

АН-ынхан тавдугаар сарын 1-нээс өмнө дотоод зохион байгуулалтаа цэгцлээд, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлд төвлөрч ажиллахаа мэдэгдлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын Улс төрийн зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэр, намын дотоод зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Намын дарга О.Цогтгэрэл “Нэгдүгээр сарын 9-ний өдөр АН-ын үндсэн дүрмийг Улсын Дээд Шүүх албан ёсоор бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр /2025.1.13/ хуралдаж зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж шийдвэр гаргалаа.

АН-аас 4/11 буюу долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 11:00 цагт мэдээлэл хийдэг уламжлалаа сэргээж байна.

АН-ын шинэ дүрэм УДШ-д бүртгэгдсэнээр ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг чөлөөлсөн. Мөн шинэ дүрэмтэй болсноор АН анхан шатнаасаа эхлээд бүрэн өөрчлөгдөж, дотоод шинэчлэл хийнэ. Ингэхдээ хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 10-ны хооронд нийт гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийнэ. Гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиудаа явуулна. Ингээд дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд АН-ын Их хурлыг хуралдуулж, шинэ бүтцээ батламжилна. Их хурлаас байгуулагдсан Үндэсний бодлогын хороо шинээр ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлөө томилох болно.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ бүх шинэчлэлийг тавдугаар сарын 1-нээс өмнө хийгээд үүний дараа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, дотоод марафондоо төвлөрч ажиллана.

АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэлд үзэл санааны өөрчлөлт оруулж байгаа. Гишүүддээ ардчиллын паспорт олгож, ардчиллын гэрэгэ эзэмшигч болгоно. Намын батлахтай гишүүн гэдэг хуучны ойлголтоос хальж, ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, элч төлөөлөгч байна гэдэг философийн хүрээнд чип бүхий цахимжсан гэрэгэ байх юм.

АН-ын гишүүдээ шинэчилсэн цахимд бүртгэнэ. Ингэхдээ “Хур”, “Дан” системээр Имонголиад бүртгэнэ. Энэхүү цахим системд бүртгэгдсэн гишүүддээ ардчиллын гэрэгэ гардуулна. Цахим системд бүртгүүлж, гэрэгэ авснаас гадна намын гишүүний татвараа төлсөн гишүүн дотоод сонгуульд оролцох эрхтэй болох юм" гэлээ.