Уншиж байна ...

Иран улс АНУ-тай яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн, гэхдээ “дайн эхлүүлэхэд бас бэлэн” гэв

Т.Давааням, ikon.mn
52 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Иран улс АНУ-тай харилцан хүндэтгэл, ашиг сонирхлын үндсэн дээр яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгааг тус улсын гадаад хэргийн сайд Аббас Арагчи өчигдөр мэдэгджээ.

“Миний дахин дахин хэлсэнчлэн бид яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байна. Гэхдээ тэгш байр сууринаас, харилцан хүндэтгэлтэй, харилцан ашиг сонирхолд суурилсан шударга, нэр төртэй яриа хэлэлцээ” гэж тэр Тегеран хотод гадаадын дипломатчидтай уулзах үеэрээ хэлсэн байна.

Иранд эхэлсэн засгийн газрын эсрэг иргэдийн жагсаал тэмцэл гурав дахь долоо хоногтоо орж байхад Тегераны эрх баригчид ийм байр суурь илэрхийлжээ.

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бас Ираны эрх баригчдын зүгээс яриа хэлэлцээ эхлүүлэх хүсэлт гаргасныг сэтгүүлчдэд мэдээлж байв.

Энэ үеэр тэр мөн босогчдыг дэмжихийн тулд Ираны эсрэг цэрэг, зэвсгийн хүч хэрэглэх боломжит хувилбаруудыг өөрийн зөвлөхүүдтэй хэлэлцэж байгаагаа дуулгасан юм.

Өчигдөр орой Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаей сайд Арагчи болон АНУ-ын тусгай элч Стив Виткофф нарын хооронд харилцаа холбооны шугам нээлттэй байгаа бөгөөд шаардлагатай үед мэдээлэл солилцоход бэлэн байгааг мэдээлжээ.

Өчигдрийн мэдэгдэлдээ Арагчи бас Иран улс дайн эхлүүлэхэд бэлэн байгааг давхар анхааруулсан байна. Гэхдээ тус улс түрүүлж дайн эхлүүлэхгүйг амлажээ.

“Бид хэдийгээр дайныг хүсэхгүй байгаа ч үүнд бүрэн бэлэн байгаа. Өмнөх дайны үеийнхээс ч илүү бэлтгэлтэй байна. Шалтгаан тодорхой. Дайнаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол дайнд бэлэн байх явдал юм. Ингэснээр дайснууд маань дахин буруу тооцоолохгүй байх болно” гэж тэр хэлсэн байна.

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн нисэх онгоцонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп “Зарим хүмүүс утга учиргүй амиа алдаж буй талаар мэдээлэл ирж байна. Удирдагчид гэгдэж буй хүмүүс ийм хүчирхийлэл үйлдэж байна. Тэд ийм аргаар улс орноо удирддаг эсэхийг би сайн мэдэхгүй ч үүнийг маш нухацтай ажиглаж байна. Манай цэргийнхэн үүнд анхаарлаа хандуулж, маш хүчтэй хувилбаруудыг ярилцаж байгаа. Бид удахгүй шийдвэр гаргана” гэж хэлжээ.

Арванхоёрдугаар сарын 28-ны өдөр эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэй засгийн газрын эсрэг жагсаалыг Тегераны их захын худалдаачид эхлүүлсэн нь өнөөдөр Иран даяар өргөжөөд байна.

Жагсагчдын ихэнх нь 1979 оны Исламын хувьсгалаар тогтсон Тегераны шашны дэглэмийг түлхэн унагаж, үүнээс өмнө оршин тогтнож байсан хаант засаглалаа сэргээхийг хүсэж байгаа юм.

Сүүлийн байдлаар жагсагчид болон хууль сахиулагчдын хооронд гарсан мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 500 давж, 10,000 гаруй хүн баривчлагдсаныг АНУ-д төвтэй хүний эрхийн байгууллага баталж байна.

 

Эх сурвалж: CNN