Уншиж байна ...

Камбож улсын эрх баригчид цахим залилангийн сүлжээний эзэн тэрбумтныг Хятадын талд шилжүүлэн өгчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 9 цаг 45 минут
iKon.MN
Зураг зураг

Дэлхий даяар крипто луйврын цахим сүлжээ ажиллуулж байсан нууц төвийн эзэн тэрбумтныг Хятад улсад шилжүүлж өгснөө Камбожийн эрх баригчид мэдээлжээ.

Тус улсад үйл ажиллагаа явуулдаг залилангийн төвүүдийг мөрдөн шалгах хамтарсан ажиллагааны хүрээнд нэгдүгээр сарын 6-ны өдөр Хятадын гурван иргэнийг баривчилсны нэг нь Чэнь Зи байсан байна.

Камбожийн нутаг дэвсгэрээс үйл ажиллагаагаа явуулдаг байсан 37 настай түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын эрх баригчид олон тэрбумын хохиролтой крипто луйврын хэрэгт буруутгаж байв.

Их Британийн засгийн газар бас түүний эзэмшдэг Prince Group-ийг хориг арга хэмжээгээр шийтгэж байжээ.

Камбожийн эрх баригчид тус группийн бүрэлдэхүүнд багтдаг Prince Banк-ийн үйл ажиллагааг зогсоосноо мэдээлсэн байна.

Хятадын төв хэвлэл өчигдөр бас Чэнь Зийг шилжүүлэн авсныг баталж, түүнийг “цахим казино, залилан луйвар болон бусад хил дамнасан хууль бус үйл ажиллагааны томоохон сэжигтэн” гэж тодорхойлжээ.

Өнгөрсөн онд АНУ-ын эрх баригчид Чэнь Зигийн мэдэлд байсан гэх $15 тэрбумын үнэтэй биткоиныг хурааж авснаа зарлаж байв.

Холбооны Мөрдөх Товчооны захирал Каш Пател үүнийг тухайн үед “түүхэн дэх хамгийн том санхүүгийн луйвруудын нэг” гэж тодорхойлж байжээ.

Чэнь Зи 2014 онд Хятадын иргэний харьяаллаа Камбожийнхоор сольж байсан юм. Тэгвэл өнгөрсөн сард Камбожийн эрх баригчид түүний иргэний харьяаллыг цуцалж байжээ.

Хуурамч ажлын саналд хууртсан олон зуун мянган хүн одоо Зүүн Өмнөд Азийн орнуудад, тэр дундаа Камбож улсад голдуу үйл ажиллагаа явуулдаг хил дамнасан залилангийн төвүүдэд албадлагаар ажилладаг гэж НҮБ үздэг.

Тэдгээрийг онлайн сүлжээгээр болон утасны дуудлагаар бусдыг залилах ажил хүчээр хийлгэдэг бөгөөд эсэргүүцсэн тохиолдол хатуу шийтгэж, цаашлаад амь насыг нь хүртэл хөнөөдөг байна.

Ийм боолын хөдөлмөр эрхлэгсэд болон хохирогчдын ихэнх нь Хятадын иргэд байдаг.

Камбожийн эрх баригчид Чэнь Зитэй олон жилийн турш ойр харилцаатай байсан гэдэг. Гэхдээ Өрнөдийн орнууд хориг арга хэмжээ авч, Хятадын засгийн газар мөрдөн шалгаж эхэлсний улмаас сүүлийн жилүүдэд харилцаа нь хөндийрч эхэлжээ.

Зарим тооцоогоор Камбожийн эдийн засгийн тал орчим хувийг залилангийн бизнесүүд бүрдүүлдэг гэдэг.

 

Эх сурвалж: BBC