Уншиж байна ...

Иранд иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжиж, интернэт сүлжээнээс бүрэн таслагдав

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 8 цаг 57 минут
iKon.MN
Зураг зураг

Иран улс даяар эдийн засгийн хүндрэлтэй холбоотой засгийн газрыг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл эрчимжиж байна.

Өчигдөр буюу Пүрэв гарагийн орой тус улс интернэт сүлжээнээс бүрэн салсныг мэргэжлийн байгууллагууд мэдээлжээ.

Тухайлбал интернэт эрх чөлөөний хяналтын NetBlocks байгууллага тасалдал гарсныг хамгийн түрүүнд мэдээлсэн ч шалтгааныг нь тайлбарлаж чадаагүй байна.

Гэхдээ Ираны эрх баригчид өмнө нь иргэдийн эсэргүүцлийн үйл ажиллагааны цар хүрээг хязгаарлахын тулд интернэт сүлжээг тасалж байсан удаатай.

Арванхоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн тэмцлийн турш хууль хүчнийхэнтэй мөргөлдөх үеэр нийт 45 иргэн амиа алдсаны найм нь насанд хүрээгүй хүмүүс байсныг Норвегид төвтэй Ираны Хүний Эрх (IHR) төрийн бус байгууллага мэдээлжээ.

Өчигдрийн байдлаар иргэдийн эсэргүүцэл тэмцэл Ираны бүх 31 мужийг хамарсан байна.

Өмнөд бүсийн Фарс мужид жагсагчид Хувьсгалт Гвардын тусгай хүчний командлагч агсан Кассем Сулейманийн хөшөөг буулгажээ.

АНУ-ын агаарын цохилтод амиа алдсан уг генералыг Тегераны дэглэм домогт баатар болгон өргөмжилж, суртал нэвтрүүлэгтээ ашигладаг юм.

Энэ долоо хоногийн Лхагва гараг Ираны иргэдийн тэмцлийн хамгийн их цус урсгасан өдөр болж, 13 жагсагч алагдсан байна.

“Тэмцлийг нухчин дарах үйл ажиллагаа өдрөөс өдөрт улам бүр харгис болж байгаа шинж тэмдгүүд ажиглагдаж байна” гэж IHR байгууллагын захирал Махмуд Амири-Могхаддам ярьжээ.

Амь үрэгдсэн хүмүүсээс гадна олон зуун хүн шархдаж, 2,000 гаруй хүн баривчлагдсаныг тэр баталсан байна.

Ираны эрх баригчид өөрсдөө мэдээлэхдээ аюулаас хамгаалах хүчний алба хаагчдыг оролцуулаад нийт 21 хүн амиа алдсан гэх тоо баримт дурдаж байгаа.

Тус улсад сүүлийн гурван жилийн хугацаанд ийм өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн хөдөлгөөн гарч байгаагүй юм.

Үүнээс өмнө 2022 онд эрх баригчид эмэгтэйчүүдийн эрх чөлөөнд халдсаны улмаас томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн Иран даяар дэгдэж байв.

Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан өчигдөр талуудын аль алинд нь хүчирхийллээс зайлсхийж, яриа хэлэлцээний замаар маргаан зөрчлөө арилгахыг уриалсан байна.

Ираны үндэсний валютын ханш ам.доллартой харьцуулахад түүхэн доод хэмжээндээ хүрч унасны дараа Тегераны их захын худалдаачид эсэргүүцлийн хөдөлгөөнийг эхлүүлсэн юм.

Хэд хоногийн дараа тэдэнтэй их сургуулийн оюутнууд нэгдэж байлаа.

Өрнөдийн хориг арга хэмжээнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэл иранчуудын аж амьдралыг улам бүр дордуулж байна.

Хүнсний бараа бүтээгдэхүүний дундаж үнэ өнгөрсөн онд 70 гаруй хувиар өссөн бол эм, эмнэлгийн бүтээгдэхүүний үнэ 50 хувиар өссөн юм.

Тегераны эрх баригчдын хувьд эдийн засгийн хямралыг шийдвэрлэх ямар ч арга хэрэгсэлгүй шахуу болоод байна.

1979 онд Исламын хувьсгалаар түлхэгдэн унасан Ираны шах агсны хүү, хунтайж Реза Пахлави гадаадаас тэмцэгчдийг дэмжиж, Тегераны дэглэмийг нураахыг уриалж байгаа.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ жагсагчдын амь насанд халдвал хөндлөнгөөс оролцохоо Тегераны эрх баригчдад анхааруулж байв.

 

Эх сурвалж: AFP