Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын тусгай хүчнийхэн Каракас дахь өргөөнөөс нь ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах үеэр нийт 100 хүн амиа алдсаныг Венесуэлийн дотоод хэргийн сайд Диосдадо Кабелло өчигдөр мэдээлжээ.
Үүнээс өмнө тус улсын эрх баригчид ажиллагааны үеэр гарсан хүн хүчний хохирлынхоо талаар огт ам нээгээгүй байсан юм.
Зөвхөн зэвсэгт хүчин нь алагдсан 23 алба хаагчийнхаа нэрсийг зарлаж байлаа.
Мөн Куба улсын засгийн газар Мадурогийн хамгаалалтыг хариуцаж байсан 32 алба хаагч, тагнуулын ажилтан нь алагдсаныг үүнээс өмнө зарласан.
Кабелло мэдэгдэлдээ Мадурогийн хамгаалалтын албаныхны ихэнх хэсэг нь АНУ-ын тусгай хүчнийхэнтэй хийсэн тулааны үеэр алагдсаныг дурджээ.
Үүнээс гадна ажиллагааны үеэр Мадуро хөлөө гэмтээсэн бол гэргий Силиа Флорес нь толгойдоо гэмтэл авсныг мэдээлсэн байна.
Мягмар гарагт Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэлси Родригес ажиллагааны үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор үндэсний хэмжээнд долоо хоногийн хугацаатай гашуудал зарласан юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!