Уншиж байна ...

Д.Батсүх: УИХ-ыг тараах тухай ард нийтийн санал асуулга явуулна. Энэ сарын 13-нд анхдугаар уулзалтаа зохионо

Н.Эрхбаяр, iKon.mn
Өчигдөр 13 цаг 00 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ард нийтийн санал асуулга хөдөлгөөний ажлын хэсгээс Үндэсний мэдээллийн төв өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ хөдөлгөөн нь УИХ-ыг тараах асуудлаар ард нийтийн дунд санал асуулга явуулахаар бэлдэж байгаа аж.

Өнөөдрийн хурлын үеэр тус хөдөлгөөнийг санаачлагч, зэвсэгт хүчний бэлтгэл хурандаа Д.Батсүх дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Энэ хөдөлгөөн зохион байгуулагдаж эхлээд 2 сар гаруй хугацаа өнгөрлөө.

Ард түмэнд таниулах, хүмүүсээ нэгтгэх ажлыг хийж байна. Уг ажлын хүрээнд нэгдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар уулзалт зөвлөгөөнөө зохион байгуулахаар зарласан.

Тус зөвлөгөөний бүртгэл нэгдүгээр сарын 1-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 6,000-7,000 хүн давхардсан тоогоор бүртгүүлжээ. Хурлын заал маань 1,012 хүний суудалтай учраас 1,100 хүнийг бүртгэж байгаа. Заалны суудал хязгаартай учраас бүртгүүлсэн он сар өдрөөр нь засаг захиргааны нэгжээс тус бүр 2 хүнийг давхардуулахгүй бүртгэнэ гэдгийг дуулгаж байна.

Мөн цахимаар УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн дагуу цахим өргөдлийн хүсэлт явуулсан. Баталгаажиж гарсны дараа цахим парламент системээр орж идэвхтэй гарын үсэг зураарай. Нээгдсэн өдрөөсөө 30 хоногийн дотор 100,000 хүний гарын үсэг зурагдвал хуулийн төсөл санаачлагддаг.

Энэ удаагийн ард нийтийн санал асуулга идэвхтэй сайхан зохион байгуулагдаж байна. Орон даяар иргэдийн итгэл зүтгэл урам сайн байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын шинэ үеийн түүхэнд 1945 оны аравдугаар сарын 20-нд тусгаар тогтнолоо Хятадаар хүлээн зөвшөөрүүлэхээр санал асуулга явуулж, 498 мянган иргэний 98.1 хувийн оролцоотой байсан. 

Санал асуулгын гол зорилго бол сүүлийн 30 гаруй жил ээлжилж төр бариад УИХ-д сонгогдож буй МАН, АН биднийг төлөөлж чадаж байна уу. Товчхондоо 126 гишүүнтэй парламентад итгэл үзүүлэх эсэх талаар санал асуулга явуулна.

Санал асуулгын томьёоллыг зөвлөж байгаад энэ сарын 13-ны хурал дээр батална. Гэхдээ гол зорилго нь УИХ-д итгэл үзүүлэх эсэх, тараах эсэх талаар санал асуулга явуулна. УИХ-ын 3/2 нь зөвшөөрч байж ард нийтийн санал асуулга зарлагдана. Бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд явуулж чадах цорын ганц эрх бол ард нийтийн санал асуулга юм.

УИХ-ын гишүүдийн 3/2 нь тарах, Үндсэн хуулиа өөрчлөөд буух хүслээ илэрхийлэх нь юу бол доо. Тиймээс УИХ-ын 82 гишүүнийг сонгосон 800 мянган иргэн бид юм шүү гэдгээ ойлгож, санал асуулгад идэвхтэй оролцоорой. Ард түмний засаглах эрх биеллээ олно гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярив.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав