Уншиж байна ...

Ираны эрх баригчид жагсагчдын амь насанд халдвал АНУ оролцоход бэлэн байгааг Трамп анхааруулав

Т.Давааням, ikon.mn
16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт эдийн засгийн хүндрэлтэй холбоотой Тегеран хотын захаас эхэлсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал өнөөдөр Ираны олон хотод үргэлжилж байна.

Өнгөрсөн хугацаанд жагсагчид цэрэг, цагдаагийн хүчтэй мөргөлдсөний улмаас хамгийн багадаа найман хүн амиа алдсан нь тогтоогдоод байгаа.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг үйл явдалд оролцож эхэлжээ.

Баасан гарагт тэр сошиал хуудсандаа “Хэрвээ Ираны эрх баригчид тайван жагсагчдыг буудаж, хүч хэрэглэвэл Америкийн Нэгдсэн Улс тэднийг аврахаар ирэх болно. Бид шийдвэр гаргахад бүрэн бэлтгэлтэй байна” гэж бичсэн юм.

Харин Ираны дээд удирдагч Аятолла Хаменигийн ахлах зөвлөх түүнд хэрвээ АНУ хөндлөнгөөс оролцвол Ойрх Дорнод даяар эмх замбараагүй байдал үүсэж болзошгүйг анхааруулжээ.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Трампын тушаалаар АНУ-ын арми Ираны цөмийн байгууламжуудад агаараас цохилт өгч байсан юм.

Вашингтоны эрх баригчид энэ ажиллагааны үр дүнд Ираны цөмийн хөтөлбөрийн хэрэгжилт тодорхой хугацаагаар хойшилсон гэж мэдэгдсэн бол Тегераны дэглэм үүнийг үгүйсгэж байв.

Үүний хариуд Ираны тал Катар дахь АНУ-ын томоохон цэргийн бааз руу пуужин харваж байлаа.

Хаменигийн ахлах зөвлөх Али Ларижани “АНУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл нь нийт бүс нутгийг тогтворгүй болгож, Америкийн ашиг сонирхлыг сүйтгэх эрсдэлтэйг Трамп мэдвэл зохино” гэж хариу мэдэгджээ.

Ираны баруун бүсийн Коухдашт хотод Лхагва гарагт мөргөлдөөн гарах үеэр аюулаас хамгаалах албаны нэг ажилтан жагсагчдад алагдсан тухай эрх баригчид эхлээд мэдээлсэн юм.

Харин жагсагчид алагдсан хүн өөрсдийнх нь нэг байсныг хариу мэдэгджээ.

Баасан гарагт түүнийг оршуулах ёслолын үеэр аюулаас хамгаалах албаны ажилтнууд австай шарилыг авч явахыг завдсан ч чадалгүй жагсагчдад хөөгдсөн байна.

Ням гарагт Ираны риалын ам.доллартай харьцах ханш түүхэн доод хэмжээндээ хүрч, огцом унасан нь Тегераны их захын наймаачдыг жагсахад хүргэсэн юм.

Мягмар гарагт их сургуулийн оюутнууд жагсаалд нэгдэж, Ираны олон хотод хүрээгээ тэлсэн байна.

Жагсагчдын ихэнх нь Хаменигийн дэглэмийг солихыг, зарим нь 1979 оны Исламын хувьсгалаас өмнө оршин тогтнож байсан хаант засаглалыг сэргээхийг уриалж байгаа.

Уг тэмцэл нь 2022 онд олон нийтийн газарт зохисгүй хувцасласан шалтгаанаар цагдаагийн газарт саатуулагдаж байхдаа нас барсан Махса Амини хэмээх эмэгтэйн үхэлтэй холбоотой жагсаалаас хойших хамгийн том эсэргүүцлийн ажиллагаа болж байна.

Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан тэмцэгчдийн “хууль ёсны шаардлага”-ыг сонсоход бэлэн байгаагаа мэдэгдсэн бол тус улсын ерөнхий прокурор Мохаммад Мовахеди-Азад тогтворгүй байдал үүсгэх гэсэн аливаа оролдлого бүрд шийдвэртэй хариу арга хэмжээ авахаа анхааруулаад байна.

 

Эх сурвалж: BBC