Азийн Хөгжлийн Банк, Европын Хөрөнгө Оруулалтын Банкны санхүүжилтээр Нарангийн голд “Толгойт-уламжлалт гар урлалыг дэмжих төв”-ийг байгуулжээ. Тус төвд ЖДҮ эрхлэгчид эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн дээл хувцас, эсгий гутал, арьс, чулуу, модон эдлэлүүдийг төрөл бүрээр нь урлаж, 20 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч түрээсийн төлбөргүйгээр ажиллаж, бизнес инкубатор сургалтын төв хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Энэ тухай “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих хүрээнд уламжлалт гар урлалын төвийг байгууллаа. Энэхүү төвийн онцлог нь ЖДҮ эрхлэгчдэд үнэ төлбөргүй ажлын байр олгож байна. Мөн ажлын байр нь тоног төхөөрөмжтэй. ЖДҮ эрхлэх хүсэлтэй иргэд ажлын байргүй, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй зэргээс шалтгаалж үйлдвэрлэл зогсдог. Энэ асуудлыг шийдэж өгсөн” гэлээ.
Тус төвийн хамт олон өрхийн бизнес эрхлэх, нэмэлт орлоготой болох хүсэлтэй 18-аас дээш насны иргэдэд зориулсан үнэ төлбөргүй сургалт, судалгаа зохион байгуулах, төрийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд ойрхон, хүртээмжтэй хүргэх, сэтгэл зүйн болон хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөө, иргэдийг чадавхжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, нийгмийн бүхий л зорилтот бүлэгт чиглэсэн цогц үйлчилгээг хүргэдэг байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!