Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр төрийн өмчийн 7,000 орчим байгууллагын санхүүгийн зарцуулалтыг ил тод болгохтой холбоотой мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт дараах байдлаар хүргэлээ.
Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлыг хэлэлцсэн.
Эдгээр хууль эрх зүйн орчин бүрдсэний дараа Монгол Улсын төрийн өмчит компаниудын засаглал менежментийг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, засаглалыг ил тод болгох эрх зүйн орчин бүрэн утгаараа бүрдэх юм. Гэхдээ түүнийг хүлээхгүйгээр Монгол Улсын Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.
Тухайлбал Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт гурван төрлийн хулгай байдаг байсан. Тендер, шахааны хулгай байсан бол одоо хиймэл оюун ухаан ашиглаж, бараа ажил үйлчилгээ худалдан авдаг болсон. Ингэснээр бараа бүтээгдэхүүн шахдаг, тендерийн шахааны асуудал байхгүй боллоо.
Уул уурхайн биржээр дамжуулж зэсийн баяжмалаа борлуулдаг болсноор гэрээний хулгай алга болсон. Овоолгын хулгайн асуудлыг удахгүй шийднэ" гэв.
Үргэлжлүүлэн "Эрдэнэс Тавантолгой компани дээр бүх худалдан авах гэрээг ил болгосон. Санхүүжилтээр орж байгаа орлогыг нь ил болгосон гэсэн үг. Мөн гарч буй зардлуудыг ил болгосон. Үүнтэй адил сайн жишгүүдийг төрийн өмчийн хоёр, гуравхан компани дээр биш, нийт 7,000 орчим нэгж байгууллага дээр төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим системийг бий болгоё.
Тэнд орж байгаа бүх мэдээлэл ил тод байлгая. Төрийн өмчит 7,000 орчим байгууллага дээр нийт 135 их наяд төгрөгийн хөрөнгө байна. Энэ хөрөнгийн 22 их наяд нь 21 аймаг, нийслэлийн өмчит байна. Харин 112 их наяд нь төрийн өмчит байгууллагад бүртгэлтэй байгаа.
Улмаар төрийн өмчийг үгүй хийдэг, үрж шамшигдуулдаг. Мөн төрийн өмчийг үнэгүй шахам бусдад ашиглуулдаг явдал газар авсан.
Тэгвэл төрийн өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг бий болгосноор төрд байгаа 135 их наяд төгрөгийн хөрөнгийн бүх мэдээлэл нээлттэй цахим системд тавигдана.
Ямар үнээр худалдан авч, хэрхэн яаж ашиглаж байгаа бүх мэдээллийг тавина" гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт ярилаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!