Энэ намар Барс худалдааны төвийн хойно байдаг төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг шилжүүлж, газрыг нь ухаж эхэлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн.
Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг эзэмшигч нь “УБТЗ” ХНН юм. Уг асуудлыг “УБТЗ” ХНН-ийн Хуулийн албаны орлогч дарга П.Ариунболдоос тодруулж асуухад дараах хариултыг өглөө.
Тэрбээр "Нийслэлийн дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд “Барс худалдааны төв” орчмын автомашины түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн амарч зугаалах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дээрээ ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх авто зогсоолыг барих төслийг хэрэгжүүлэх саналыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “УБТЗ” ХНН-т тавьсан.
Уг төсөл нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 153 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар “Тэргүүн чансаа” ХХК нь уг газрын дор 737 автомашины зогсоолыг газрын түвшнээс дээш гаргахгүй барьж, дээр нь ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг гүйцэтгэж, 2027 онд ашиглалтад оруулах юм.
Батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэгч компани нь уг газарт Урт цагааны төвийн газар дээр хийгдсэн тохижилттой төстэй ногоон байгууламж бүхий хүмүүс амарч зугаалахад таатай орчныг бүрдүүлэх юм. Уг газарт өмнө нь ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байсан ч ойр орчмын худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлэгчид, орон сууцны оршин суугчдад автомашины зогсоолын хүрэлцээ муу, авто замын хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл байдалтай байсан.
“Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь түгжрэлийн асуудлыг бууруулах, олон нийтэд тустай төсөл хэмээн үзэж манай байгууллагын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажиллаж байна.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!