Жил бүрийн арваннэгдүгээр сард Өмнөд Солонгос даяар их сургуулийн элсэлтийн шалгалт зохион байгуулагддаг уламжлалтай.
Энэ үеэр дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьж, дуу чимээг багасгахын тулд нислэгүүдийг хориглож, хүүхдүүдийг шалгалтад нь хоцруулахгүйн тулд өглөөний замын хөдөлгөөнийг зохицуулдаг.
Элсэлтийн шалгалт нь хэн их сургуульд элсэхийг зөвхөн шийдээд зогсохгүй, бас хүүхдүүдийн цаашдын ажил амьдралын замнал, хаана амьдрах, хэнтэй амьдрахад нь хүртэл нөлөөлдөг чухал үйл явдал тул ингэж орон даяар хөдөлдөг юм.
Өчигдөр буюу Пүрэв гарагт зохион байгуулагдсан энэ оны элсэлтийн шалгалтад 550,000 гаруй хүүхэд оролцсон нь сүүлийн долоон жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Тэд солонгос хэл, англи хэл, математик, нийгмийн болон байгалийн ухаан, нэмэлт гадаад хэл, ханз үсгийн мэдлэг гэх мэт нийт 200 орчим асуултад хариулдаг.
Ихэнх сурагчид өглөөний 8:40 цагаас эхлээд 17:40 хүртэл найман цаг шалгуулдаг байна. Ингэхдээ дундаа завсарлагагүй, унд хоолгүй үргэлжилдэг.
Харин харааны бэрхшээлтэй сурагчдын хувьд стандарт цагаас 1.7 дахин урт буюу 13 цаг орчим урт үргэлжилдэг байна.
Үүнд шалгалтын материал брайл үсгээр бичигдсэн байдаг нь нөлөөлдөг гэнэ. Тухайлбал стандарт шалгалтын материал 16 хуудастай байдаг бол брайл хувилбар нь 100 хуудастай болдог.
Тиймээс харааны бэрхшээлтэй сурагчдын шалгалт 21:48 цагийн орчимд дуусдаг ажээ.
Өнгөрсөн онд Өмнөд Солонгос даяар харааны бэрхшээлтэй 111 сурагч шалгуулсны 99 нь хараа муутай, 12 нь хүнд хэлбэрийн харалган байсан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!