Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн суудалтай 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээж авчээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 74.0м x 35.4м хэмжээтэй, цутгамал төмөр бетон арагт бүтээц бүхий гурван давхар.
Зохион байгуулалтын хувьд спорт заал, урлагийн заал, хичээлийн анги танхимууд, багш нарын өрөө, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн байна. Мөн гадна талд биеийн тамирын талбай, явган хүний зам, авто зогсоол болон бусад тохижилтыг төлөвлөн гүйцэтгэжээ.
Тухайн сургуулийн барилга угсралтын ажил 2018 онд эхэлсэн боловч цар тахлын улмаас удаашраад байсан тул 2024 онд БШУЯ-наас Улаанбаатар хотын захирагчид эрх шилжүүлж нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг гаргажээ.
Сургуулийн барилга угсралтын ажлыг Эм Ди констракшн ХХК гүйцэтгэсэн байна.
Тус сургуульд 4,313 хүүхэд суралцдаг бөгөөд өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор хоёр ээлжээр хичээллэхээр болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!