Уншиж байна ...

Италийн Милан хотын прокурорууд Боснийн дайны үеийн “мэргэн буучийн аялал жуулчлал”-ын хэргийг шалгаж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Югослав улс задарч, Босни Херцеговина улс байгуулагдсаны дараа Сараево хот Боснийн Сербийн армийн бүслэлтэд дөрвөн жилийг өнгөрөөсөн юм.

1992-1996 онуудад үргэлжилсэн энэ бүслэлтийг орчин үеийн түүхэн дэх хамгийн урт удаан бүслэлт гэж үздэг бөгөөд энэ үеэр нийтдээ 10,000 гаруй хүн алагдаж байжээ.

Бүслэлтийн үеэр Боснийн Сербийн мэргэн буучид Сараево хотын гудамжинд яваа энгийн номхон иргэдийг зугаацах зорилгоор бууддаг байсан нь хамгийн эмгэнэлтэй явдал байсан юм.

Уулс толгодоор хүрээлэгдсэн Сараево хот ийм харгис үйлдэлд тохиромжтой газар байв.

Боснийн Сербийн удирдагч Радован Каражич 2016 онд геноцид болон хүн төрөлхтний эсрэг үйлдсэн бусад гэмт хэргүүдийнхээ төлөө олон улсын шүүхээс ял сонсож байв.

Тэгвэл Италийн Милан хотын прокурорын газар Боснийн дайны үеэр үйлдэгдсэн бас нэг гэмт хэргийн мөрөөр шалгаж эхэлжээ.

Энэ нь Каражичийн армийн албан тушаалтнууд Итали болон Өрнөдийн бусад орнуудын иргэдэд өндөр төлбөртэй “мэргэн буучийн аялал жуулчлал”-ын үйлчилгээ үзүүлдэг байсан гэх хэрэг юм.

Өөрөөр хэлбэл хүн алж үзэх хүсэлтэй хүмүүс Боснийн армийн албан тушаалтнуудад их хэмжээний мөнгө төлснөөр Сараево хотын гудамжнаас хүмүүсийг “намнах” эрх олж авдаг байжээ.

Алессандро Гоббигийн ахалсан прокуроруудын баг уг хэрэгт холбоотой Италийн иргэдийг олж илрүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэх ажлыг эхлүүлсэн байна.

Уг хэргийн талаар баримт цуглуулдаг зохиолч Эцио Гаваззени болон Сараево хотын дарга асан Бенямин Карич нарын хүсэлтээр мөрдлөгийг эхлүүлсэн юм байна.

Гаваззени анх энэ тухай 1990-ээд оны үед Италийн хэвлэлүүдийн мэдээнээс сонсож байсан бөгөөд сүүлд 2022 онд Словенийн найруулагч Миран Зупаничийн “Sarajevo Safari” баримтат киног үзсэний дараа гүнзгийрүүлэн судалж эхэлжээ.

Уг баримтат кинонд Сербийн армийн цэрэг, гэрээт ажилтан байсан хүмүүс Сараевог тойрон хүрээлсэн уул толгодын дээрээс Өрнөдийн орнуудын иргэд хүмүүсийг бууддаг байсан тухай ярьсан байна.

“Сараево Сафари бол эхлэх цэг байсан. Би найруулагчтай захидал солилцож, судалгаагаа өргөжүүлснээр Миланы прокурорын газарт танилцуулах хангалттай баримттай болсон юм” гэж Гаваззени ярьжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Олон итали хүн, бас Герман, Франц, Британи гээд Өрнөдийн бүх улсын иргэд энгийн хүмүүсийг буудахын тулд их хэмжээний мөнгө төлж байсан” гэж хэлсэн байна.

“Үүнд улс төрийн болон шашны ямар ч сэдэл байгаагүй. Тэд зугаа цэнгэл, сэтгэл ханамжийн төлөө тийшээ явсан баян хүмүүс юм. Буунд дуртай, Африкийн сафари руу, эсвэл буудлагын талбай руу явдаг хүмүүсийн тухай би ярьж байна” гэх Гаваззени тайлбарласан юм.

Италийн сэжигтнүүд тус улсын хойд бүсийн Триест хотод цуглаад Белград хот хүртэл аялж, дараа нь Боснийн Сербийн цэргүүдийн хамгаалалт дор Сараево хүрдэг байсан гэнэ.

Гаваззенигийн илрүүлсэн эхний сэжигтнүүдийг прокурорууд ирэх долоо хоногт байцаахаар болжээ.

Мэргэн буучдын галд амиа алдсан хүмүүсээс олонд танигдсан нь 1993 онд гүүрээр гарах гэж яваад алагдсан Бошко Бркич, Адмира Исмич нар юм. “Сараевогийн Ромео, Жульет хоёр” нэртэй баримтат кинонд тэдний түүхийг өгүүлж байжээ.

Дайтагч талуудын дундын бүсэд алагдсан тэдний цогцос хэдэн өдрийн турш гүүрэн дээр хэвтэж байсан бөгөөд гэрэл зураг нь дайны харгис хэрцгий байдлын бэлгэдэл болж байсан юм.

Сараево хотын гол гудамж болох Меша Селимовичийн өргөн чөлөө хамгийн аюултай гэдэг утгаараа “Мэргэн Буучийн гудамж” гэх нэрийг зүүж байжээ.

Хотын нисэх буудал хүрэхэд энэ гудамжаар явахаас өөр замгүй тул олон хүн энд алагдсан гэдэг.

 

Эх сурвалж: The Guardian